|

АРХАНГАЙ: Б.Цэрэннадмид: 1000 гаруй айлын гурван орон сууцыг бариулна



Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд ямар ажлууд голлон хийх талаар Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидаас тодрууллаа.

-Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд “Нээлттэй Архангай” хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хөтөлбөрийн гол цөм нь юу вэ?
-Саяхан буюу өнгөрсөн 2-р сард аймгийн ИТХ хуралдаж, “Нээлттэй Архангай” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн гол цөм нь хүний хөгжлийг дээдэлсэн, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөгжлийг чухалчилсан хөтөлбөр болж чадсан.

-Архангай аймаг хүн амынхаа 10 хувийг татах зорилготой. Нутгаа зориод ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэл ажлууд ямар байна вэ? Жишээ нь ажлын байр, амьдрах болон бизнесийн таатай орчны тухайд?
-Эхлээд шууд иргэдийг татан, нүүлгэж ирэх биш юм. Бэлтгэл ажил чухал. Нэн түрүүндАрхангай аймгийн иргэдийг ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр анхаарч байна. Үүний хүрээнд улсын төсвийн 26,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэбулган сумын гэр хорооллын 44 км инженерийн буюу цэвэр, бохир усны шугам сүлжээг тавьж, ундны эх үүсвэр болоод ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл гэр хорооллын өрх бүр цэвэр, бохир усны шугамд холбогдоно гэсэн үг. Мөн нийт 14 км явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Дараагийн дугаарт Булган хангай хороололд 1000 гаруй айлын гурван орон сууцыг бариулах сонгон шалгаруулалтын ажил 4-р сараас эхлэх гэж байна.

Ажлын байрны тухайд Архангай аймагт өнөөдрийн байдлаар зөвхөн төрийн захиргааны албан тушаалд 157 сул орон тоо байснаас 50 нь нөхөгдөж, 100 гаруй нь үлдсэн байна. Мөн Архангай аймагт барилгын цэргийн анги байгуулж байгаа. Энд л гэхэд 300 гаруй ажлын байр шинээр бий болж байна. Саяхан аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, зоогийн газар, жуулчны баазуудаас судалгаа авахад зөвхөн 2023 онд гэхэд 302 ажлын байр сул байгааг хэлж, ажиллах хүчний хэрэгцээ шаардлага байна гэсэн. Аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гаргаж буй мэргэжилтэй ажилтны байнгын ажлын байр гэхэд л 250 гаруй сул орон тоонд ажиллах хүч хэрэгтэй байна гэсэн судалгаа гарсан.

Архангай аймаг өөрөө аялал жуулчлал, хөдөө аж ахуйгаа тулгуурлаж хөгжинө гэсэн зорилт тавьж байгаа. Тийм учраас байнгын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дорвитой арга хэмжээ хийе гээд Архангай аймаг байгуулсны түүхт 100 жилийн ойгоо угтан улс, орон нутгийн төсвөөс биш төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийнхний оролцоог хангаж, цэнгэлдэх хүрээлэн байгуулна. Энэ нь цаашид аялал жуулчлалын ямар нэг эвентийг тогтмол зохион байгуулах зорилготой. Зөвхөн баяр наадмыг зохион байгуулах бус жилийн дөрвөн улиралд ашиглагддаг, фермер буюу эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, түүний үзэсгэлэн худалдаа, морин тойруулгын уралдаан, янз бүрийн экспог зохион байгуулах боломжтой болно.

-Төрийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг нэмэх тооцоо хийж байна гэж сонссон?
-Зөвхөн төрийн захиргааны албан тушаалд одоо 100 гаруй сул орон тоо байна. Төрийн үйлчилгээний сул орон тоог нэмбэл нэлээд өндөр тоо гарч байна. Ялангуяа сумдад ажиллах төрийн албан хаагчдын хүртээмж багасч байна. Энэ нь 1-рт нийгмийн хамгаалал, 2-рт цалин хөлстэй холбоотой асуудал юм.
3-р сарын 9-нд аймгийн ИТХ хуралдана. Энэ хуралд бид төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж орон нутгийн 20 хувийн нэмэгдлийг нэмж, тооцоо судалгаа гарган төсвөө өргөн барьсан. Энэ ажлын хүрээнд 1000 орчим албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдэх боломж бүрдэнэ. Үүнийг орон нутгийн төсвөөс зохицуулалт хийх замаар шийдвэрлэж байна.

-Архангай нутгаа зорин ирж бизнес эрхлэх гэж буй иргэдэд ямар таатай орчныг бий болгох вэ?
-Эхний ээлжинд Татварын тухай хууль батлагдсантай холбоотойгоор хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх бодлогын хүрээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг Улаанбаатраас 500-гаас дээш км-т 50 хувь хөнгөлөх заалт орсон. Архангай аймаг 19 сумтай. 10 сум нь Улаанбаатараас 500-гаас дээш км-ийн зайд алслагдсан байдаг. Энэ сумдад үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж бол ААНОАТ-аас 50 хувь хөнгөлөгдөнө.

Мөн манай аймаг улсдаа малаар тэргүүлж байгаа. Бэлчээрийн даац хэтэрсэн. Малчдын ярьж байгаа гол сэдэв бол эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангхөгжүүлэх, тэжээлийн ургамлыг тариалах шаардлагатай байна гэж үзэж байгаа. Бидний зүгээс малыг зудын эрсдэлээс хамгаалах, малын тэжээл тариалах, малын түүхий эдийг боловсруулах, малын нядалгааны цэгийг байгуулах гэх мэт ажлуудыг шат дараатай улс, аймаг, сум, төсөл хөтөлбөрийн хөрөнгө болон иргэд, малчдын оролцоотой хийхээр төлөвлөж байна.

-Хүнээ ая тухтай амьдрах орчны талаар та ярилаа. Үүний нэг хэсэг нь сургууль, цэцэрлэгийн гадаах модон жорлонг боловсон болгох ажлыг эхлүүлэн ажил болоод явж байна. Цаашид ямар бодлого барьж ажиллах вэ?
-Монгол Улын Засгийн газар, БШУЯ-ны зүгээс бүх сургууль, цэцэрлэг, дотуур байруудыг боловсон жорлонтой болгох ажлыг эхлүүлсэн. Архангай аймгийн хэмжээнд 98 сургууль, цэцэрлэг, дотуур байр бий. Өнөөдрийн байдлаар 50 нь боловсон жорлонтой болчихсон байна. Миний хувьд аймгийн Засаг дарга болсноосоо хойш мөн бүх эрүүл мэндийн төвүүдийг боловсон жорлонтой болгох ажлыг хийхээр хөтөлбөр боловсруулаад батлуулахаар ажиллаж байна. Мөн аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг байгууллага, шатахуун түгээх станц болон бусад үйлчилгээний байгууллагуудыг боловсон бие засах газартай болгох ажлууд ч туссан.

Дараагийн дугаарт аймгийн баяр найдмын талбай буюу цэнгэлдэх хүрээлэн, экспо зохион байгуулах томоохон талбайнууд бий болно. Энд ч мөн адил боловсон бие засах газрын асуудлыг шинэ технологи ашиглан хийхээр зураг төслийг гаргаад явж байна. 

-Ярилцсанд баярлалаа.

0 сэтгэгдэл