|

Намын даргаа ичээсэн нийслэлийн МАН

 

Намын даргаа ичээсэн нийслэлийн МАН

 


НИТХ-аас Хотын даргад С.Мөнхчулууныг томилуулахаар албан бичгээ хүргүүлсэн ч шийдвэр хараахан гараагүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудал дээр нэлээд толгой гашилгаж суугаа биз. Өөрийн ярьдаг шударга ёсны талд зогсч, С.Мөнхчулууныг батламжлах уу. Аль эсвэл анхнаасаа улс төрийн тохироогоор өрсөлдсөн С.Амарсайханыгаа дахин зүтгүүлэх үү. Ардын бөхийг байлах уу, ноёны бөхөд боломж олгох уу гэдэг хүндхэн сонголтыг тэр хийнэ.  Магадгүй энэ удаагийн шийдвэрээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэн бэ гэдэг нь мэдэгдээд эхэлнэ.  Тэгэхээр Ерөнхий сайд нэлээд болгоомжтой хандаж, шийдвэрээ танилцуулна байх. Ер нь Ерөнхий сайд аа, намын дарга аа ийм байдалд хүргэсэн нь нийслэлийн МАН юм. Тэд намынхаа "Төв хороо” буюу Удирдах зөвлөлийн  гаргасан шийдвэрийг ихэнхдээ сөрж дуугарч байна. Намын Удирдах зөвлөлөөс гаргасан саналын эсрэг шийдвэрүүдийг тэд гаргаж чадаж байна.

Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард Нийслэлийн МАН-ын даргаар Д.Сумъяабазарыг сонгосон байдаг. Уг нь эрх баригч нам Удирдах зөвлөлөө хуралдуулан Су.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргад дэмжиж явуулсан байдаг. Гэсэн ч нийслэл дээр Су.Батболд Д.Сумъяабазарт ялагдаж, Удирдах зөвлөлийн шийдвэр талаар болж байсан удаатай. Энэ байдал дахиад л Хотын даргын томилгоон дээр гарч ирсэн. Эрх баригч намаас Хотын даргад С.Амарсайханыг,  харин түүний оронд Р.Дагвыг томилуулах чиглэл өгч, саналаа хайрцаглан НИТХ хуралдсан байдаг. Гэвч заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулуун гишүүдийн олонхийн саналыг авч, сонгогдсон. Энэ нь хэний ч санаанд ороогүй ялалт болсон. Үүнээс харахад Нийслэлийн МАН-д Удирдах зөвлөлийн шийдвэр хамаагүй бололтой. Тэд өөрийн гэсэн дотоод ардчилалтай, амьтай юм байна. Энэ сайн хэрэг шүү.  Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэр ардчилсан сонголтыг С.Мөнхчулуунаар дамжуулан баталгаажуулах л үлдээд байна.

Хотын даргаар сонгогдсон С.Мөнхчулууны хувьд "Батламжлахгүй байх асуудал үүсэхгүй болов уу. Би хуульд заасан шаардлага, шалгууруудыг хангасан. Мөн НИТХ-ын Төлөөлөгчдийн олонхийн санал авч сонгогдсон учир Ерөнхий сайд батламжилна гэдэгт итгэж байна” хэмээн тайлбар өгсөн билээ.

Зууны мэдээ
Т.Батсайхан


103 сэтгэгдэл