Архангай аймгийн ЗДТГ, БОАЖГ, Аялал жуулчлалын мэдээллийн төв, "Эртний нүүдэлчдийн өлгий” аялал жуулчлалын холбоо, "Чадваржсан иргэд-Тогтворжсон амьжиргаа" төсөл хамтран аймгийн аялал жуулчлалын салбарын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлгээр аймаг, сумдын наадмын товыг тогтсон хугацаанд болгох, Архангай аймгийг "Нүүдлийн соёлын олон улсын төв” болгон хөгжүүлэх 2019-2030 дунд хугацааны баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу түүх, соёлын тайлбарлагч 219 ажилтан бэлтгэх, бүх суманд нүүдэлчдийн соёлын наадмыг зохион байгуулах ажлыг судалж тус онд эхлүүлэх, эко гэр ажиллуулагч иргэдийг гэр буудлын стандартаар ажиллуулах, төсөл хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ хүргүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэжээ.
Мөн малын гоц халдварт өвчин аялал жуулчлалын улиралд гарсан тохиолдолд хорио цээрийн асуудлыг бүс нутгийн онцлогт тохируулж шийдвэрлэж байхаар аймгийн Гамшгийн төлөвлөгөөнд оруулах, аялал жуулчлал эрхлэгчид байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй ажиллах, сум орон нутаг болон Байгаль орчин, аялал жуулчлалын газартай Экологийн хариуцлагын гэрээ байгуулан ажиллах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна.
Уулзалтын зорилго нь Архангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан Аялал жуулчлалын дэд хөтөлбөр, аймгийн тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2016-2026 бодлогын баримт бичиг, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Орхоны хөндийн бүс нутгийн аялал жуулчлалын стратеги 2020, Архангай аймгийн Нүүдлийн соёл, олон улсын хөгжлийн төлөвлөгөө 2019-2030 баримт бичгийн удирдлага болгон төрөөс аялал жуулчлалын чиглэлээр баримталж буй бодлого, төлөвлөлт, хууль эрхзүй, стандарт шаардлагууд болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан "Эртний нүүдэлчдийн өлгий" аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Дашцэрэнтэй тус нутагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, төр болон ТББ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Уулзалтад 13 сумын ЗДТГ-ын дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, соёлын төвийн эрхлэгч, аялал жуулчлалын бааз, рашаан сувилал, амралтын газар, зочид буудал, зоогийн газар, эко гэр, бизнес эрхлэгчдийн 150 гаруй төлөөлөл оролцсон юм.
1 сэтгэгдэл