
Монгол Улсын инфляц энэ оны есдүгээр сард 12.9 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 нэгж хувиар өсчээ. Өнгөрсөн оны есдүгээр сард инфляц 9 хувьтай байсан бол энэ жил ийнхүү 12.9 хувь болсон байна.
Инфляцыг хамгийн их хөөргөсөн зүйл нь хүнсний үнэ аж. Тодруулбал, нийт инфляцын 43.8 хувь буюу 5.6 нэгж хувийг хүнсний бараа, ундаа, усны үнийн өсөлт бүрдүүлжээ. Үүний дараа тээврийн үнэ 2.2 нэгж хувь буюу 17.3 хувь, боловсролын үйлчилгээ 1.2 нэгж хувь буюу 9.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 0.9 нэгж хувь буюу 7.2 хувийг бүрдүүлсэн байна.
Ялангуяа махны үнэ нэлээд огцом өсчээ. Энэ оны есдүгээр сард мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар өссөн бөгөөд үхрийн мах 48.4 хувь, хонь, ямааны мах 58.5 хувиар нэмэгдсэн байна.
Талх, гурил, будааны үнэ ч мөн өсөж, өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар нэмэгджээ. Үүнд гурил болон түүнтэй төстэй бүтээгдэхүүний үнэ 11.1 хувь, гоймонгийн үнэ 28.2 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.
Харин импортын бараа ч инфляцын бас нэг том дарамт болжээ. Нийт инфляцын 4.1 нэгж хувь буюу 32.1 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Манай хэрэглээний сагсанд багтдаг 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа бөгөөд нийт сагсны 55.3 хувийг эзэлж байгаа аж.
Улаанбаатарын хувьд инфляц улсын дунджаас бага буюу 11.9 хувь гарсан байна. Нийслэлд өнгөрсөн оны мөн үеэс мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.7 нэгж хувь, бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.4 нэгж хувиар тус тус нөлөөлжээ.
Тэгвэл нийслэлийн дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй үхрийн цул махны үнэ нэг кг нь дунджаар 35,023 төгрөг болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 43.7 хувиар өссөн үзүүлэлт. Харин өмнөх сараас 1,498 төгрөгөөр буурчээ.
Мөн нэгдүгээр зэргийн гурилын үнэ дунджаар 2,538 төгрөг, АИ-92 бензиний үнэ литр нь 3,040 төгрөг болсон байна. АИ-92 бензиний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 17.4 хувиар өсчээ.
Инфляц зөвхөн нийслэлд өндөр байгаа биш, бүх аймагт 10.5-18.5 хувийн өсөлттэй гарсан байна. Хамгийн бага нь Сүхбаатар аймагт 10.5 хувь, хамгийн өндөр нь Увс аймагт 18.5 хувь байжээ.
Товчхондоо, 12.9 хувийн инфляцын цаана мах, хүнс, тээвэр, боловсрол болон импортын барааны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна.


























































0 сэтгэгдэл