|

“Нээлттэй Архангай” хөтөлбөрийг батлав

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд "Нээлттэй Архангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боловсруулж, аймгийн ИТХ-ын 12 дугаар хуралдаанаар баталлаа.
Тус аймаг орон нутгийн өнөөгийн нөхцөл байдал, нөөц боломж, аймгийн түүх, соёл, зан заншил, уламжлал, оюун санааны үнэт зүйлс, нийгэм, эдийн засаг, техник, технологи, үндэсний үйлдвэрлэлийн ололт амжилтыг шилжин ирэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд мэдээлэн сурталчлах "Нээлттэй Архангай” хөтөлбөрийг холбогдох бодлогын бичиг баримт, хөтөлбөр, үйл ажиллагаа, судалгаанд үндэслэн боловсруулсан байна.
Хөтөлбөрийн зорилго нь аймагт шилжин ирж суурьшин ажиллаж амьдрах, иргэд, аж ахуй нэгж, байгууллагыг угтан авахад шаардагдах бэлтгэлийг хангах, аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, аймаг орон нутгийн талаарх нэгдсэн ойлголт, мэдээллийн нэгдмэл удирдлага, зохицуулалтыг бий болгож цахимжуулах, төрийн үйлчилгээг ойлгомжтой, шуурхай болгох, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 419 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлэх замаар аймаг, сум орон нутгаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Хөтөлбөрийн зорилт нь:
-Хүний хөгжил, Хөдөө аж ахуй, Аялал жуулчлалын салбарт тулгуурлан эдийн засгийн хувьд бие дааж хөгжүүлэх;
-Иргэдэд ажиллаж амьдрах, аж ахуйн нэгж байгууллагад үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэх,
-Эдийн засаг, нийгмийн харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
-Мэргэжлийн ажиллах хүчний хомсдолыг багасгах, (төрийн алба, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц, барилга, аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалан гэх мэт) аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр сургалт явуулах зэргээр зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дэмжих ажээ.
Мөн хүний хөгжлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийн нөөц ашиглалтыг сайжруулах замаар, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихээр тусгажээ.
Орон нутгийн онцлог бүхий байгаль орчинд ээлтэй, төр хувийн хэвшлийн хамтын оролцоонд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, барилга,хот байгуулалтын орон зайн оновчтой төлөвлөлтийг нэвтрүүлж, иргэдийн амьдрах орчныг сайжруулан таатай орчин бүрдүүлэх, төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээндорон нутагт иргэдийг шилжин суурьшихад дэмжих, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд шилжин суурьшихад тулгардаг хүндрэлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгжийн уялдааг хангах, иргэд, олон нийтийн сэтгэлгээ, хандлагад эерэг нөлөө үзүүлэх зэрэг дэд зорилтуудыг тусгаж өгсөн байна.
"Нээлттэй Архангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд:
1. Монгол Улсын хууль, хөгжлийн бодлогын баримт бичиг, холбогдох үндэсний хөтөлбөрүүд, аймаг орон нутгийн бодит нөөц бололцоо, бүс нутгийн эдийн засгийг кластержуулан хөгжүүлэх, орон нутаг өөрийгөө бие даан санхүүжүүлэх эдийн засгийн бодлогод тулгуурлах;  
2. Хөтөлбөрийн агуулгад аймаг орон нутагт шилжин ирж ажиллаж, амьдрах үйл ажиллагаа эрхлэн явуулахад үүсэх давуу тал болон үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийг зөв тооцож тусгахыг эрмэлзэн мэдээллийг нээлттэй, тэгш, хүртээмжтэй түгээхийг чухалчилсан, хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад хуулиар олгогдсон эрхийг дээдлэн хүндэтгэсэн, үүрэг хариуцлагыг ухамсарлуулан таниулж, хандлагын өөрчлөлтөд уриалсан, бизнесийн орчны тэгш боломж, шударга өрсөлдөөнийг эрхэмлэсэн, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын таатай орчин, олон талт харилцааны онцлогуудыг уялдуулан тодорхойлсон байх;
3. Хөтөлбөрийн хэрэгжилтэд иргэд олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, бизнесийн болон мэргэжлийн холбоодын оролцоог түлхүү дэмжих зэрэг зарчмыг баримтлах аж.

0 сэтгэгдэл