Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээс санаачлан гэрлэлт цуцлах асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шинжээчийн багийн гишүүдийг чадавхжуулах, сайн туршлагыг хүргэж, дүгнэлтийг хууль тогтоомжийн хүрээнд бодитой гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран "Өнөөгийн шинэжээчийн туршлага, арга зүй” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Шүүх, нийслэлийн болон аймгийн ГБХЗХГ-ын 30 гаруй мэргэжилтэн оролцсон байна.
Уулзалтыг зохион байгуулснаар нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын туршлагыг судлах, гэрлэлт цуцлах асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргахад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэн шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой тодорхойлох зэрэг үр дүнд хүрэх юм.
Аймгийн гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь 2017 оны сүүл 2018 оноос эхлэн гэр бүлийн маргаантай иргэний хэрэгт шинжээчээр оролцож, дүгнэлт гаргах болсон байна. Шинжээчдийн дүгнэлт гаргах явцад зонхилон тохиолддог бэрхшээл нь хүүхдийн асран халамжлагчийг сонгох явдал ажээ.
Архангай аймагт жилээс жилд гэр бүл цуцлалт нэмэгдсээр байна. 2018 онд гэр бүлээ цуцлуулах 88 иргэн хандсанаас 56 иргэний хэргийг шийдвэрлэж, гэр бүлийг цуцалжээ. Харин 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 11 иргэн гэр бүлээ цуцлуулсан байна.
Аймгийн Иргэний хэргийн шүүхээс гэр бүлийг цуцлах гэхээс илүү эвлэрүүлэн зуучлах төвд хандах, мөн сэтгэлзүйчид хандаж зөвлөгөө мэдээлэл авахыг зөвлөдөг байна.
0 сэтгэгдэл