Архангай/МОНЦАМЭ/. Архангай аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, сум, өрхийн ЭМТ-ийн дарга нар, эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарыг хамруулсан "Төрөх насны эмэгтэйчүүд, жирэмсэн эхийн нэрийн хяналт”-ыг хэрэгжүүлэх зөвлөлдөх уулзалтыг аймгийн ЭМГ-аас зохион байгууллаа.
Уулзалтын зорилго нь эх нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, хожимдлоос сэргийлэхийн тулд орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлж, дэмжлэг авахад чиглэжээ.
Мөн төрөх насны эмэгтэйчүүд, жирэмсэн эхийг нэрээр хянасны үр дүнд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хожимдол хүндрэл буурах, орон нутгийн удирдлага, эрүүл мэндийн төвийн ажлын уялдаа холбоо сайжирч, эх хүүхдийн тусламж үйлчилгээнд төрийн байгууллагын удирдлага, дэмжлэгт хяналт сайжирна гэж албаныхан тайлбарлав.
Архангай аймагт 2018 онд суурин бус хүн ам, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой эхийн эндэгдэл гарч 2017, 2018 онд жил дараалан төрөлхийн тэмбүүтэй нярай төрсөн байна. Мөн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурахгүй, улс аймгийн дунджаас өндөр байгаа нь Архангай аймгийн эрүүл мэндийн салбарынхны анхаарал татсан асуудал болжээ.
Б.Гэрэлт-Од
2 сэтгэгдэл