|

Архангайн музейд хосгүй үнэт үзмэр Согд бичээст хөшөө чулуу хадгалагдаж байна

 

 

Архангайн музейд хосгүй үнэт үзмэр Согд бичээст хөшөө чулуу хадгалагдаж байна

 

Архангай аймгийн музей нь 1947 онд аймгийн орон нутаг судлах кабинет нэртэй 500 гаруй үзмэртэй байгуулагдаж, 1967 онд "Аймгийн орон нутаг судлах музей” болжXVII,XVIIIзууны үед барьсан Халхын Зая гэгээнтнүүдийн Лаврин, Зүүн, Баруун сэмчин ордонд шилжин оржээ.


Аймгийн музей нь 1980-аад оны дунд үеэс 1990 оны дунд үе хүртэл үзмэр цуглуулгаараа төрөлжсөн түүхийн, байгалийн, угсаатны, шашны гэсэн музейд үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 1996 онд түүхийн, угсаатны, шашны музейн цуглуулгыг нэгтгэн "Архангай аймгийн музейг” байгуулсан байна.


Архангай аймгийн музей нь орон нутгийн онцлог, нүүдэлчдийнтүүх, соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, судлан сурталчлах, олон нийтийн боловсролыг дэмжих эрхэм зорилготой ажиллаж байна.Мөн үзүүллэгийн үндсэн чиглэл халх угсаатны бүлгийн эдийн болон оюуны соёл, халхын Зая бандида гэгээнтнүүдийн өв, Архангай нутгийн түүх соёлын биет ба биет бус өвийг цуглуулах дэлгэн үзүүлдэг байна.


Музей нь түүх, археологи, угсаатны зүй, шашны, урлаг уран сайхны цуглуулгуудтай, өнө эртний хуучин чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэлх нүүдэлчдийн болоод Архангай нутгийн түүх, соёл, өв уламжлалыг дэлгэн үзүүлсэн түүх, угсаатан, шашны гэсэн байнгын үзүүллэгийн 5 танхимтай, түр үзэсгэлэнгийн 2 танхимтай, сан хөмрөгтөө 3800 гаруй үзмэртэй.



 

Музейн үзмэрүүдээс хосгүй үнэт үзмэрийн зэрэглэлд Бугатын дурсгал хэмээх согд бичээст хөшөө чулуу ордог. Энэхүү хөшөө чулууг 1956 онд археологич Ц.Доржсүрэн Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутгаас илрүүлэн олсон. Уг дурсгалын бүрэлдэхүүнд яст мэлхий сууринд суулгасан согд үсэгтэй гэрэлт хөшөө ордог. Гэрэлт хөшөө нь оройдоо хүүхэд хөхүүлж буй чонын дүрстэй, хөшөөний урд болон баруун, зүүн хажуу талд согд бичээстэй. Хөшөө, мэлхий суурь хоёрыг улбар өнгийн, нарийн ширхэгтэй боржин чулуугаар урласан. Хөшөөний өндөр сууриас дээш 198х73х20 см, мэлхий суурь 122х93х47 см. Бугатын дурсгалын согд бичээсийг тайлан уншсан эрдэмтэд уг хөшөөг МЭ 582 онд босгосон, Түрэгийн түрүү хаант улсын үеийн хамгийн эртний дурсгал гэж үздэг.Бичигт Нивар, Буман, Мухан, Таспар зэрэг Түрэгийн анхны төр улсыг үндэслэгч хаадын нэр, түүхэн үйл явдлыг тэмдэглэн бичсэн байдаг.


Бугатын дурсгал хэмээх согд бичээст хөшөө чулуу буюу Чонон хөшөө



Мөн Архангай нутгаас олдсон түүх, археологийн олдвор чулуун зэвсэг, чулуун сав, нүдүүр, хүрэл зэвсгийн үед холбогдох хүрэл хазаар, шанага, хүрэл хутга, Хүннү ваар, хүрэл тогоо, Уйгурын үеийн эмэгтэй хүний хувцасны олдвор /МЭVIII-IXзуун/, архангайчуудын дунд уламжлагдаж ирсэн эрт эдүгээгийн шанаган хуур, төрийн их ятга/XIXзуун/, мөсөн шагайн харваа, Далай Чойнхор вангийн хошууны нэрт дархан Ерэнтэй, Чавганц нарын урласан ган сийлбэр хэт бэл, дэвэр, домбо, бойпор, Халхын Зая бандида гэгээний зандан тамга, мөнгөн бишгүүр, шүүсний хутга, гутал, Луу гүний Вандан, Буур Жамъян аваргуудын хэрэглэж байсан эд зүйлс зэрэг онцлог үзмэрүүд музейд хадгалагдаж байна.







ДЭВЭР:

Зэсэн дээр алтан түрхэцтэй эргэн тойрон бадамлянхуа цэцгийн дэлбээ бүхий хээ угалзнуудтай дээд, доод хэсэгт бадмаа цэцгийн дэлбээтэй. Бариул болон цоргыг лууны толгой гаргаж хийсэн. Хүзүүндээ бадмаа цэцгийн дэлбээтэй таг нь цэцгэн хээтэй хорол бадмаа бариултай цэцэг болон лууны толгойг ухаж сийлсэн. Маш гоёмсог нарийн хийцтэй. Тариат сумын Аюушжав хэрэглэж байсан. 1963 оноос хойш музейд хадгалагдаж байна.



 


ХОС ДОМБО:

Зэсийг хэлбэж хөөж бөөрөнхийлж гагнаж хийсэн. Бүсийг нь луун хээ цувцаадах аргаар хөөж цохиж мөнгөөр өнгөлсөн. Лууны хэлбэрийг бүтнээр нь гаргасан бариултай. Бариулыг нь мөн мөнгөөр өнгөлсөн 5 ш бүслүүртэй. Гэндэнбалжир хэрэглэж байсан. 1957 оноос хойш музейд хадгалж байна.




ХЭТ ХУТГА:

Зааны ясан тоногтой, ган төмөр бүслүүртэй, сум модон хуйтай хэт хутга. 2ш бэл, 1ш тээг, 1ш хэт, 2ш савхтай, 1ш хутга. Хутганы иш хуй зааны яс болон хүрэн сум модтой. Луу гүний вандан аварга хэрэглэж байсан. 1997 оноос хойш музейд хадгалж байна.

Montsame.mn 



0 сэтгэгдэл