|

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлын эцсийн дүгнэлт энэ сарын 16-нд гарна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нөмрөгийн Дархан Цаазат Газар(ДЦГ)-ын түймэрт өртөөгүй хэсэгт байгаа ан амьтдад идэш тэжээл тавьж өгөхөд Нөөц сангаасаа 629 сая төгрөг зарцуулахаар баталсан байна.
Одоогоор түймрийн хохирлыг үнэлэх ажил үргэлжилж буй бөгөөд энэ сарын 16-нд эцсийн дүгнэлт гарах юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир "Нөмрөгийн ДЦГ-т 468 мянган га талбай шатсан. Түймэрт өртөөгүй багахан газарт ан амьтад нягтаршиж байгааг судалгааны баг мэдээлээд байгаа. Удахгүй цас орох төлөвтэй байгаа тул түүнээс урьтаж ан амьтдыг идэш тэжээлийн дутагдалд орохоос сэргийлэн биотехникийн арга хэмжээ авахад Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөгийг гаргахаар болсон. Ойрын хугацаанд биотехникийн буюу идэш тэжээл тавьж өгөх ажлыг зохион байгуулах үүргийг Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт өгсөн тогтоол батлагдлаа.
ДЦГ-ын гүнд долоон цэгт биотехникийн арга хэмжээ авахаар зураглалаа гаргасан.
Нөмрөгийн ДЦГ-ын хохирлыг тогтоох 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатарт буцан ирж, эхний тайлангаа яамны удирдлагад танилцуулаад байгаа. Хохирлын эцсийн үнэлгээг 16-н гэхэд тогтоосон байх хуулийн хугацаатай. Яамны зүгээс мэргэжлийн шинжээч, судлаачдын багийг хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр ажиллах нөхцөл боломжоор хангаж байгаа" гэлээ.
Түүнчлэн сайд Ц.Сандаг-Очир "2022 онд Нөмрөгт төрийн бус байгууллагаас судалгаа хийхдээ нийт 14,000 гаруй туурайтан байх бололцоотой гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Үүнтэй уялдуулж биотехникийн арга хэмжээгээ төлөвлөсөн. Түймрийн уршигтай холбоотой гарч байгаа бүх зардлыг хохиролд тооцно. Эзэн холбогдогчийг эцэслэн тогтоосноор хохирлыг гаргуулна.
Японы Засгийн газраас нөхөн сэргээлтийн арга хэмжээнд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэн. Мөн бид олон улсын байгууллагуудтай хамтарч нөхөн сэргээлтийн арга хэмжээ дэмжлэг, хандив авах чиглэлээр ажиллана. Түүнчлэн хөрш улсуудын судлаачдыг урьж ажиллуулан санал дүгнэлтийг авна" хэмээв.

0 сэтгэгдэл