Халхын Зая Бандид Лувсанпэрэнлэй гэгээнтний мэлмий гийсний 380 жил, сүүлийн Зая Бандид Лувсанданзанпүлжинжигмэд гэгээнтний мэлмий гийсний 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 8-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.
Зая бандида гэгээний анхны дүр Лувсанпэрэнлэй нь 1642 онд Сайн ноён хан буюу Архангай аймагт төрсөн. Тэрээр 17 насандаа “Богдын залбирал” хэмээх ном зохиож, 19 насандаа Төвдийг зорьж 20 орчим жил суухдаа анагаах ухааныг судалж, “Эмийн дөрвөн үндэс” хэмээх эрдмийг эзэмшиж, буддын гүн ухааны их, бага арван ухааныг болгоожээ. “Зая бандида” хэмээх номын гэгээн цолыг Y Далай лам Лувсанжамцаас хүртэж, зарлиг бүхий шар өргөмжлөл, эрдэнийн тамга тэргүүтэн зэргийг хүлээн авчээ. Зая бандида 1679 онд нутагтаа эргэн ирж, одоогийн Архангай аймгийн Цэцэрлэг хотноо Заяын дээд ба доод хүрээг байгуулж Халх, Өвөрлөгчийн олон хошуу нутагт залагдан сүсэгтэн олны итгэл бишрэлийг олжээ.
Харин Зая бандида гэгээний VII дүр Лувсанданзанпүлжинжигмэд хутагт 1971 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрөл таалж, 1999 онд Халхын Зая гэгээний дүрээр хутагтын ширээнд залагдаж, тэр цагаас хойш Төвдийн томоохон хийдэд шавилан ном суралцаж, улмаар 2003 оноос хойш Монгол орны өнцөг булан бүрт заларч, байгаль дэлхийгээ хамгаалах, лус савдгийг аргадан тахихаас гадна шашны соёлыг залуу үед таниулах, лам хуврагуудыг Энэтхэгт сургах үйлсийг хийж байв. Тэрээр XVII жарны шороон нохой жилийн өвлийн сүүл сарын бүтүүний өдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр ертөнцийн мөнх бусын ёсыг үзүүлж, дүрст лагшингаа номын агаарт хураасан юм.
Зая Бандид хутагт Лувсанданзанпүлжинжигмэд нь урьд дүрүүдийн Зая гэгээдийн адилаар Монгол орны шашин номын үйлсийг тэтгэж, шавь олноо таалал нигүүлсэлдээ болгоон, цөвүүн цагийн аврал итгэл болон оршиж байлаа.
Эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын дарга асан, доктор, профессор С.Төмөр-Очир даргалсан юм. Үндсэн илтгэлд,1. Гавж, Доктор Т.Булган “Зая гэгээдүүдийн намтар судлалын тухай”
2. Гавж, Доктор Ц.Отгонбаяр “XIV далай лам сүүлийн дүрийн Зая гэгээнтнийг тодруулсан үйл явц”
3. Доктор П.Яньдий “Монголын баруун аймгуудад орших нуур голуудад дүлцэн өргөж, лус баярлуулж, сүншиглэн ус арвидуулах ёслол”
4. Доктор Ц.Цэцэгмаа “Анхдугаар гэгээний мэндэлсэн мухар хужирт хэмээх газар сүүлийн дүрийн гэгээнтэн бээр арван цагаан суварга бүтээсэн нь
5. Зая сангийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамц “Сүүлийн дүрийн гэгээнтэн ОХУ-ын Буриад нутагт морилсон аян замын туурвил”,
Гавж, доктор (Ph.D) Ц.Отгонбаяр Жадо Ренбүчий Дэнзэнжунай тэргүүний мэндчилгээ тайлбарНаробанчин гэгээнтний мэндчилгээ тайлбар
6. Хамба лам Х.Баасанжаргал “Сүүлийн дүрийн гэгээнтэн Заяын хийдэд заларсан тухай”
7. Магистр, Зая судлаач Б.Батхуяг “Заяын хүрээний тойм тайлбар-Орчин цаг”
8. Доктор Т.Рэгзэн “XIII далай лам Заяын хүрээнд морилсон нь”
9. Хайрхан сумын хийдийн хамба лам С.Лодойжанцан “Сүүлийн дүрийн гэгээнтэн Хайрханы хийдийг нээж сүншиглэсэн нь”
10. Хамба лам А.Гурван-Эрдэнэ “Эрдэнэ зая бандид Гончигсүмлэн хийдийг сүүлийн дүрийн гэгээнтэн нээж аравнай өргөсөн нь” гэсэн илтгэлүүдийг тавьсан юм.
Эрдэм шинжилгээний бага хурал бүтэн өдөр үргэлжилсэн ба иргэд, олон нийтэд нээлттэй болсон юм. Энэ үеэр ЗДТГ-ын Шилэн танхимд Зая гэгээдийн намтар, тэдний бүтээл туурвилын талаар бүтээлүүд дэлгэж, иргэд холбогдох мэдээллийг сонсож, судлах боломжтой байв.
Мөн Халхын Зая Бандид Лувсанданзанпүлжинжигмэд гэгээнтний мэлмий гийсэн 50 жилийн ойд зориулсан Данчодын хурлыг зохион байгуулсан. "Дончод хурал" гэдэг нь Багшийгаа үтэр түргэн залрахын тухайд 1000 тахил өргөж, шавь нараас нь зориулан хурдаг хурал номын үйл юм.
0 сэтгэгдэл