|

Сандуй хувилгааны дуган

 

 

 

Заяын хүрээний сүм дуганаас үлдэж хоцорсон цөөн хэдэн барилгын нэг бол Архангай аймгийн төв гандан буюу Сандуй хувилгааны дуган юм.

Уг дуганыг V Зая бандида жанч халсантай холбогдуулан Далай вангийн хөрөнгөөр 1863 онд барьжээ. Дуган нь Заяын хүрээний төв гортиг дотор, дунд голын хойд хөвөөнөө орших ба дөрвөн тал тоосгон туургатай, асар дээвэртэй Монгол уран барилгын нэг дурсгал юм.

1947 онд Сандуй хувилгааны дуганд Архангай аймгийн орон нутаг судлах кабинетийг байгуулсан бөгөөд 1967 онд Архангай аймгийн музей болж өргөжин уг дуганыг сан хөмрөгийн хамт "сүм музей” болгон үзүүллэгийн төрөлжсөн чиглэлээр тохижуулан нийтэд үзүүлж байжээ.

1990 оноос Заяын хүрээний хурал номыг сэргээн, өв уламжлалыг нь залгамжлан шинэ цагийн "Төгс баясгалант буяныг дэлгэрүүлэгч” хийдийг Сандуй хувилгааны дацанд нээж, Цогчин дуган болгож өнөөг хүртэл сүсэгтэн олонд үйлчилж байна.

Тус дуганыг "Заяын гэгээний хийдийн цогцолбор” нэрээр 2020 оны Монгол Улсын Засгийн газрын 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх дурсгалын жагсаалтад оруулсан байна.


0 сэтгэгдэл