|

Уралдаанд шалгарсан хүүхдүүдэд гар утас бэлэглэв

 

 

Уралдаанд шалгарсан хүүхдүүдэд гар утас бэлэглэв

 

Үндэсний статистикийн хороо болон UNICEF-ээс гаргасан судалгаагаар Монгол Улсад цар тахлын улмаас онлайнаар теле хичээлдээ хамрагдаж чадахгүй байгаа 100000 гаруй хүүхэд байна гэж гарсан. Энэ жил "Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Мобиком корпораци хүүхдийн боловсролыг дэмжих, боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор "Дэлхийн Зөн Монгол" ОУБ-тай хамтран SMART EDUCATION төслийг хэрэгжүүлжээ.

Уг төслийн хүрээнд хичээлдээ хамрагдаж чадахгүй байгаа 4-7-р ангийн сурагчдын дунд гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарлаж, түрүүлсэн хүүхдүүдэд ухаалаг гар утас бэлэглэжээ. Төсөлд зорилтот бүлгийн 2 болон түүнээс дээш хүүхэд сургуульд суралцдаг ба 4-7-р ангид сурдаг хүүхдүүдийг шалгаруулсан байна.

Аймгийн хэмжээнд уралдаанд 80 хүүхэд бүтээлээ ирүүлснээс 40 хүүхдийг шалгаруулж, ухаалаг утас болон бүтэн жилийн дата эрхтэй дугаар, гарын бэлэг өгчээ.

Хүүхдүүд хөл хорионы үеэр хэрхэн хичээлээ хийж байгаа, ямар хүндрэлүүд тулгараад байгаа, энэ асуудал дээр хүмүүсийг яаж туслаасай гэж хүсэж байгаа талаараа зохион бичлэг эсвэл гар зураг зуран оролцсон байна.

Архангай аймгаас шалгарсан хүүхдүүдийг хүлээн авч, шагналын гар утас болон бүтэн жилийн дата эрхтэй шинэ дугаарыг хүлээлгэн өгсөн байна.

Төсөлд хамрагдсан шилдэг сурагчдад 

Samsung Galaxy M12 гар утас, жилийн турш VOO үйлчилгээний 30 хоногийн багц, жилийн турш ашиглах Academy дата багц, жилийн турш сар бүр 3GB дата, аав ээжтэйгээ үнэгүй ярьдаг stars үйлчилгээний дугаарыг тус тус бэлэглэлээ.

Төсөлд хамрагдсан сурагч хүүхдүүд зөвхөн гар утастай болоод зогсохгүй VOO-гээс 1-12 ангийн теле хичээлээ жилийн турш үзэж, Академи дата багцаа ашиглан Zoom, Google classroom, Teams зэрэг цахим хичээлээ хийх сайтууд руу хязгааргүй хандаж, дата багцаараа ангийн багш, найзуудтайгаа хүссэнээрээ холбогдон хичээлээ саадгүй хийх боломжтой боллоо.


0 сэтгэгдэл