|

Ухаалаг гар утсаар дамжуулан арьсны өвчнийг оношилж, эмчилнэ

 

Ухаалаг гар утсаар дамжуулан арьсны өвчнийг оношилж, эмчилнэ

 

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт "Ухаалаг утас - Арьсны өвчний оношилгоо, эмчилгээ” төслийн нээлт 11 сарын 19-нд боллоо.

"Төсөл хэрэгжиж эхэлснээр, хөдөөгийн сумын иргэд арьс харшлын өвчнөө оношлуулж, эмчлүүлэхийн тулд заавал аймаг болон хотыг зорихгүй, зардал чирэгдэл бололгүй сумын эмчдээ үзүүлэн оношлуулж, эмчлүүлэх боломжтой”гэж төслийг хэрэгжүүлэгч, АШУҮИС, АУС, Арьс судлалын тэнхим, профессор Б.Хандсүрэн хэлсэн үгэндээ дурьдав.


Энэхүү төсөлд манай аймгийн 18 сумын Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамрагдах ба "Ухаалаг гар утас-Арьсны өвчний оношилгоо, эмчилгээ” төслийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлснээр орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар алслагдсан нутгийн хүн амд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бололцоо бүрдэж байгаагаараа онцлогтой юм.


 

Дээрх төсөл нь Монгол Улсын найман аймгийн 135 суманд амжилттай хэрэгжсэн бөгөөд 2018 оноос Архангай аймаг болон бусад 5 аймагт АШУҮИС-ийн Арьс судлалын тэнхим, "Ротари” клубтай хамтран хэрэгжүүлэх гэж байна.


Анагаах ухааны сургуулийн Арьс судлалын тэнхим, "Хүрээ” ротари клуб хамтран, интернэтийн сүлжээгээр дамжуулан арьсны өвчнийг алсын зайнаас оношилгоо, эмчилгээ хийх, "Ухаалаг гар утас-Арьсны өвчний оношилгоо, эмчилгээ” төслийг 2012 оноос Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн байна.


22 сэтгэгдэл