Архангай /МОНЦАМЭ/. "Миний Монгол бичиг-2018” улсын уралдааны мэргэжлийн багш ангиллын тэргүүн байрын шагналт, Архангай аймгийн Лаборатори нэгдүгээр сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш, Хэл шинжлэлийн ухааны магистр Цэрэндондовын Цэрэнбалжид багштай ярилцлаа.
-Сайн байна уу? Танд өдрийн мэндийг нийт уншигчдынхаа өмнөөс хүргэе. Юуны түрүүнд та өөрийгөө товчхон танилцуулаач.
-Сайн. Сайн байна уу. Баярлалаа. Намайг Цэрэндондовын Цэрэнбалжид гэдэг. 2000 онд Улаанбаатар хотноо УБИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсөөд, Архангай аймгийн лаборатори 1-р сургуульд 19 дэх жилдээ багшилж байна. Хэл шинжлэлийн ухааны магистрын зэрэгтэй.
-Та манай сониныг тогтмол захиалж уншдаг юм билээ. Монгол бичгээр хэвлэгддэг цорын ганц хэвлэл шүү дээ. Сониныг уншихын давуу тал нь юу байна вэ?
-Тийм ээ. Бор цаасан дээр гарч байхаас нь эхлээд л захиалсан даа. "Хүмүүн бичиг” сонины дугаар бүрийг авч хадгалдаг./Хүүхдүүдэд уншуулсаар байгаад элэгдэж хуучирсан боловч нямбайлан хадгалсан хэд хэдэн хавтас бүхий дугааруудыг харууллаа. сурв/Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын оюуны хөгжилд өөрийн гэсэн томоохон хувь нэмрээ оруулж байгаа энэ сониныг захиалахгүй бол "Би мэргэжлийн багш биш” гэж өөрийгөө тооцно. /инээв/ "Хүмүүн бичиг” сониноо захиалснаар сурагчдынхаа нүдийг нээгээд зогсохгүй өөрөө ч сурах зүйл их байдаг. Сониноо захиалж уншдаг багш нар, хүүхдүүд давуу талыг нь олон талаас нь өөр өөрийнхөөрөө хэлэх байх. Миний хувьд сониноо уншаад багш сурагч хоёр хоёулаа хөгждөгөөрөө давуу талтай.
-Хүүхдүүд монгол бичгийг их сонирхох болсон. Сурагчид эх хэлнийхээ нандин өв соёлоос суралцах, бахархах хүсэл тэмүүлэлтэй болж байгаа нь багшийн хөдөлмөр, нөлөөлөх чадварынх байх...?
-"Зулын гэрэл тосноос, шавийн эрдэм багшаас” гэдэг үгийн утга учрыг өөрийнхөө биеэр мэдэрч байна даа. Намайг самбарт монгол бичгээр дурайтал бичээд, дуржигнатал уншихаар хүүхдүүдэд сурах хүсэл төрдөг байх. Эхлээд өөрөө биеэрээ үлгэрлэж байж л хүүхдийг сурах хүсэл тэмүүлэлтэй болгоно. Хүсэл тэмүүлэлтэй болсон хүүхэд хурдан ч сурна, сайн ч сурна. 6-р ангийн бяцхан шавь нар минь яг л анх сургуульд орж байсан шигээ монгол бичиг хэмээх цоо шинэ ертөнцтэй танилцана. Багш нар ч гэсэн нэгдүгээр анги авсан багш шиг л хөдөлмөрлөнө дөө. Асар их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд хүүхдүүд монгол бичиг сурдаг гэдгийг мэргэжлийн багш нар л сайн ойлгоно доо.
-Багш хүнд сурагчаа судлах, үнэлэх гэдэг том ажил байдаг шүү дээ. Үүндээрээсээ тухайн хүүхдийг хааш нь чиглүүлж болох нь харагддаг байх. Тийм үү?
-Тийм ээ. Сурагчаа, ангиа судлалгүйгээр хичээл орохын арга байхгүй. Заримдаа үерхэл нөхөрлөлийг нь хүртэл судлах хэрэгтэй болно шүү дээ. Бэл сайтын бэлтгэл сайн гэдэг шиг судалгаа сайн хийх тусам хичээл үр дүнтэй болдог. Багшийн ажлын хамгийн хэцүү нь хүүхдийг үнэлэх. Хүүхэд өөрийнхөө хэмжээнд хийгээд явж байхад л болно. Заавал хэн нэгэнтэй харьцуулах албагүй. Хүүхдийг хэн нэгэнтэй харьцуулж урмыг нь хугалахыг хүсдэггүй. Хүүхэд хаашаа чиглэх нь багш өөрийг нь хэрхэн үнэлж байгаагаас их шалтгаалдаг. Хэчнээн чадахгүй, мэдэхгүй байсан ч урам өгөөд л байхад хүүхэд хичээлдээ дуртай болдог. Тухайн хүүхдийг зөв үнэлнэ гэдэг бол зөв чиглүүлэхийн эхлэл болдог.
-Таны монгол бичгийн төрлөөр оролцсон уралдаан тэмцээн юу байна вэ? Амжилтаасаа дурдвал...?
-Багшлах хугацаандаа ангийн массын сургалтад анхаарахаас гадна олимпиад уралдаан тэмцээнд өөрөө болон сурагчид маань тогтмол амжилттай оролцсоор ирсэн. Миний сүүлийн жилүүдэд гаргасан амжилтаас дурдвал 2018.04-р сард БСШУСЯ, Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд, "Монгол бичиг” нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан монгол туургатны "Миний монгол бичиг” олимпиадын "Мэргэжлийн багш” төрөлд тэргүүн байр эзэлж байлаа. Мөн 2017 онд аймгийн уламжлалт монгол хэлний олимпиадад дэд байр, Булган аймгийн Гурванбулаг суманд зохион байгуулдаг сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит олимпиадын мэргэжлийн багш төрөлд алт, хүрэл медаль, Баянхонгор аймгийн Өлзийт суманд зохион байгуулдаг академич Ш.Лувсанвандангийн нэрэмжит олимпиадад алт, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд зохион байгуулдаг зохиолч Ш.Гаадамбын нэрэмжит "Эх хэл”-ний олимпиадад мөнгө, хүрэл медаль, Завхан аймгийн Идэр суманд зохион байгуулдаг "Эх хэлний баяр”-ын мэргэжлийн багш ангилалд 14-р байрыг тус тус эзэлж байлаа.
Энэ хичээлийн жилд зохион байгуулагдсан "Бүтээлч багш” аймгийн уралдаанд дэд байр эзэлсэн. Өөр көндөө л уралдаан тэмцээнд орж тэрүүлэх байранд орж байсан байна. Бас Монгол Улсын спортын мастер А.Шижээгийн нэрэмжит "Төвийн бүсийн аварга” шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэй ангилалд амжилттай оролцож, 100 буудалт даамын улсын спортын 2-р зэргийн тамирчны болзол хангаж, үнэмлэхээ авсан шүү дээ. /инээв/
Сурагчдын амжилтыг дурдвал маш олон сайхан амжилтууд байна л даа. Би зөвхөн улсын хэмжээний уралдааныг дурдая.
Өнгөрөгч 11-р сард улсын хэмжээнд зохион байгуулагдсан "Захидал түүх өгүүлнэ” уралдаанд шавь 7а ангийн сурагч Б.Уртнасангийн захидал 5000 гаруй оролцогчоос шалгарч, тэргүүн байр эзлэн МҮОНРТ-ийн нэвтрүүлэгт орсон. Сая амралтын өдөр нэвтрүүлэг гарна билээ. Мөн 04-р сарын 20-23-ны өдрүүдэд БСШУСЯ, Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд, "Монгол бичиг” нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан монгол туургатны "Миний монгол бичиг” олимпиадын "7-9-р анги” төрөлд 8а ангийн сурагч Б.Энхчимэг маань тэргүүн байр эзэлсэн. "Эртний сургаалиас суралцъя” эсээ бичлэгийн улсын уралдаанд 8а ангийн сурагч Б.Энхчимэг хувийн амжилтаараа 3-р байр, багийн амжилтаар мөн 3-р байр эзэлсэн. 2017 оны 03-р сард "Ээждээ захидал бичээрэй” улсын уралдаанд 11а ангийн сурагч Д.Ринчендорж тэргүүн байр, 2018 оны 03-р сард "Ээждээ захидал бичээрэй” улсын уралдаанд 12а ангийн сурагч Н.Лхагвабаяр тусгай байр, 2017 онд "Миний мэдэх О.Дашбалбар” эсээ бичлэгийн улсын уралдаанд 12а ангийн сурагч Д.Ринчендорж тэргүүн байр, 2016 оны 5-р сард Ё.Эрдэнэцэцэг багшийн нэрэмжит монгол бичгийн улсын олимпиадад 12а ангийн сурагч Д.Наранцэцэг дэд байр, 2016 онд улсын "Хүрэл тулга” яруу найргийн наадамд 9д ангийн сурагч Г.Юмчинсүрэн тэргүүн байр, 2014 онд улсын "Хүрэл тулга” яруу найргийн наадамд 9г ангийн сурагч Ц.Чиндолгор дэд байр эзэлсэн.
Үүнээс гадна бүсийн болон аймагтаа зохион байгуулагддаг уралдаан, тэмцээнүүдэд шавь нараас минь оролцож, олон сайхан амжилтуудыг гаргасан байдаг шүү. Би шавь нараараа үргэлж бахархдаг.
-Сайн багшаас сайн шавь төрдөг гэдэг. Таны шавь нарын сургалтын амжилтыг эргээд нэг харвал ямар хэмжээнд байна гэж боддог вэ?
-Говь-Алтай аймгийн багш Сүнжидмаа, Дундговь аймгийн багш Отгонсүрэн, Увс аймгийн багш Мягмаржав гээд үнэхээр мундаг багш нар монголд олон бий. Би энэ мундаг багш нараа харж, бахархаж бас битүүхэндээ тэдний энд хүрчих юмсан гэсэн итгэл тээн олон жил уйгагүй хичээж ажилласан. Хөдөлмөрлөсний минь үр дүн чамгүй хэдий боловч цаашид улам олон хүүхдийг, бүр анги ангиар нь эх хэлдээ дуртай, хайртай болгохыг хүсдэг. Шавь нар минь эх хэлээ төгс эзэмшээсэй гэж их хичээж, хичээлээ заадаг даа.
-Ярилцсанд баярлалаа.
-"Хүмүүн бичиг” сонинг тогтмол захиалж уншдаг байснаас ярилцлага өгөөд сонинд гарна гэж бодож байсангүй ээ. Урьж оролцуулсан танай сонины хамт олонд баярлалаа. Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.
45 сэтгэгдэл