Францын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Жэрэс олон улсын ТББ-ын Архангай аймагт хэрэгжүүлж буй "СЕМААТЕРР II- Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах орон нутгийн хөтөлбөр”-ийн хүрээнд "Архангай аймгийн барилга, байгууламжийн эрчим хүч хэмнэх” нэртэй суурь судалгааг бэлдэж гаргасан. Суурь судалгааны үр дүн, барилгын эрчим хүчний аудиторын дүгнэлтийг үндэслэн төслийн ажлын хэсгийн шийдвэрээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын цэцэрлэгийн барилгыг жишиг дулаан алдагдлыг бууруулах барилгын нэгээр сонгожээ. Өндөр-Улаан сум нь төвлөрсөн халаалтгүй, бие даасан халаалттай сумдын нэг юм. Сумын цэцэрлэгийн барилгын эрчим хүчний хэмнэлтийг сайжруулснаар хүүхэд, багш, ажилчдын сурч, ажиллах таатай нөхцөл нэмэгдэх юм.
2019 оны тооллогоор Өндөр-Улаан сумыг 5720 хүн амтай ба 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн нийт тоо 250 байна. Мөн цэцэрлэгийн насны 391 хүүхдээс 230 нь цэцэрлэгт тогтмол хамрагддаг. Өндөр-Улаан сумын төвийн цэцэрлэг нь 205 хүүхэдтэй ба 31 багш ажилчидтайгаар сургалт, үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус барилга нь 2011 онд баригдсан ба Эрчим хүчний аудитын үр дүнд одоо ашиглагдаж буй барилгын халаалтын эрчим хүчний жилийн хэрэглээ 578 кВтц/м²*жил байна. Барилга нь хавтгай дээвэр болон хөндий шалнаас болоод дулааны алдагдал хэвийн хэмжээнээс хэтэрчээ. Тус барилгын дулааны нийт алдагдлын 14 хувь нь дээврээр, 64 хувь нь шалаар алдагдаж байна. Эдгээр дулааны алдагдлыг зохих технологийн дагуу, стандартын дагуу дулаалгын материалаар дулаалан одоо байгаа дулаан алдагдлыг 40 хувиар бууруулахаар болж, засварын ажлыг эхлүүлжээ.
Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумын цэцэрлэгийн барилгын эрчим хүчний алдагдлыг бууруулах засварын ажлын өмнө төслийн баг тус цэцэрлэгүүдийн багш, ажилчдаас тэдний ажлын байрны тав тух, барилгын аль хэсгээр хүйтэн, цантдаг, дулааны тав тух алдагддаг талаарх судалгааг сумдад ажиллан авсан байна.
0 сэтгэгдэл