|

У.Хүрэлсүх: Соёлын өвийн эсрэг гэмт хэргийн хохирогчид нь ард түмэн, иймд Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтнүүдтэй хатуу тэмцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Булган аймагт албан томилолттой ажиллалаа.
Томилолтын бүрэлдэхүүнд БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Батболд, Ц.Мөнх-Оргил, Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Соёлын сайд С.Чулуун, БХ-ын сайд Г.Сайханбаяр болон бусад албаны хүмүүс багтаж ажиллав.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно” хэмээн тусгаж, хөтөлбөрийн 2.6.1.9-д "Төв Азийн түүх, соёлын голомт” судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүнүйгийн дурсгалуудыг түшиглэн байгуулна гэсэн зорилт дэвшүүлжээ.
Зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд салбар хоорондын уялдааг хангаж, богино хугацаанд үр дүн харуулах оновчтой төлөвлөгөөг боловсруулан гаргах учиртай. Иймд УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны танилцуулсан зураглалын дагуу Архангай, Өвөрхангай, Булган аймаг дахь Орхон-Тамир, Хануй-Хүнүй, Туул голын сав газар дагуух Монголын төрт улсуудын нийслэлийн туурь, хэрэм, Хүннүгийн үеийн хаад, язгууртны булш, хиргисүүр, Буган хөшөө, тахилын онгон зэрэг үнэлж баршгүй соёлын биет өвтэй Монгол Улсын Ерөнхий сайд ажлын хэсгийн гишүүдийн хамт газар дээр нь биечлэн танилцаж, судалгаа, малтлага хийж буй эрдэмтэн судлаачидтай уулзаж, тэдний саналыг сонсож, мэдээлэл солилцов.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, Сүүлийн 30-аад жил түүх, соёл, урлагийн хөгжлийг дэмжих бодлого орхигдсныг Монгол Улсын Засгийн газраас сэргээх бодлого баримталж байна. Татан буугдаад байсан Соёлын яамыг дахин сэргээж, шинээр эмхлэн байгууллаа. "Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей зэргийг шинээр барьж, бусад түүхэн газар нутагт баригдаж байгаа цогцолборуудын барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, Үндэсний археологи, палеонтологи, угсаатны зүйн музей, лабораторийг байгуулахаар зорьж байна. Тиймээс Монголын эзэнт гүрнүүдийн түүх соёлын дурсгал олдвор ихтэй бүс нутагт биечлэн ажиллахаар шийдвэрлэсэн.
 
 
 
 



0 сэтгэгдэл