/МОНЦАМЭ/."Либерал Эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ нь Азийн сангийн дэмжлэгтэйгээр "Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо-3” төслийг 3 дахь жилдээ энэ оны 3-р сарын 27-ноос 5-р сарын 30 хүртэлх хугацаанд хэрэгжүүлжээ.
Төслийн зорилго нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй ажилд иргэдийн хяналт тавих мэдлэг чадварыг нэмэгдүүлж, тэдний идэвхтэй оролцоог бий болгох, иргэдийг мэдлэг мэдээллээр бүрэн хангах юм. Энэ хүрээнд сонгож авсан худалдан авах үйл ажиллагааны талаар мэдээлэл цуглуулах, хууль эрхзүйн орчныг судлах, хэрэгжсэн үе шатанд хяналт хийх, худалдан авах ажиллагаа болон орон нутагт хийж буй тендерийн талаарх иргэдийн ойлголт төсөөллийг судалгаагаар илрүүлэх, мэдлэгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэн ажиллажээ.
Төслийн хүрээнд 2018 онд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт болон байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хийсэн 3 тендерийг сонгон авч ажилласан байна. Үүнд:
ААОНӨГ/201801003 тендерийн дугаартай "Эрдэнэбулган сумын 1-р багт төмөр бетон гүүр барих” ажлыг "Саруул харгуй” ХХК аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 24-ний А/252 тоот захирамжийн дагуу 94 377.188 төсөвт өртгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажилласан. Гүйцэтгэсэн ажлыг 2018 оны 08 дугаар сарын 27-нд хүлээлгэн өгсөн.
ААОНГ/201807075 тендерийн дугаартай "Булган уулын дурсгалт газрын тохижилт"-ын ажлыг "Цамц” ХХК, "Зөнгөөр бүтэгч” ХХК аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний А/472 тоот захирамжийн дагуу 110.877.272 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажилласан. Гүйцэтгэсэн ажлыг 2019 оны 04 дүгээр сарын 10-нд хүлээлгэн өгсөн.
ААОНГ/201804036 тендерийн дугаартай "Булган уул чиглэлийн явган аяллын замын тохижилт”-ын ажлыг "Нуурын толгой” ХХК 24 826 484 төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэхээр 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн БОАЖГ-ын даргатай гэрээ байгуулан ажилласан. Гүйцэтгэсэн ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 19-нд хүлээлгэн өгсөн. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ажлын гүйцэтгэл дутуу байсан учраас 2019 оны 05 дугаар сарын 25 хүртэл үлдэгдэл ажлыг хийж дуусган хүлээлгэж өгөхийг ажлын хэсэг шийдвэрлэсэн байна.
Мөн Эрдэнэбулган сумын 300 иргэнээс тендерийн талаарх ойлголт төсөөллийг тодорхойлох зорилгоор судалгаа авчээ. Ингэхэд иргэдийн 80-90 хувь нь тендерийн талаарх мэдээлэлгүй, сонирхож асууж үзээгүй, тендерээр хийж буй ажлуудыг хаанаас, хэн, юугаар, яаж хийж байгааг мэддэггүй болох нь харагджээ.
Мөн БОАЖГ, ОНӨГ, ГХБХБГ-ын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, тендер шалгаруулалт болон гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл авах, бичиг баримттай танилцах, компаниудын гүйцэтгэсэн ажилтай танилцах, ажлын даалгавар, тендерийн бичиг баримт, зураг төсөвтэй харьцуулан үнэлгээ хийх, иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг орон нутгийн мэдээллийн хэрэгслийг ашиглан зохион байгуулжээ.
Мониторингийн үр дүнд дараах зөвлөмжийг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
-Худалдан авах ажиллагааг төлөвлөхдөө иргэдээс санал авч тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлж байх
-Тендерийн ажлын даалгавар, зураг төсвийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллагууд хамтарч харилцан мэдээлэл авч боловсруулах нь ажлын гүйцэтгэл чанарт эерэгээр нөлөөлнө
-Ажил гүйцэтгэх явцад зураг, ажлын даалгаврыг өөрчилж нэмэлт ажлууд тусгах нь гүйцэтгэгч байгууллагад хүндрэл учирч ажлын чанарт муугаар нөлөө үзүүлж байна.
-Тендер зохион байгуулалт, гүйцэтгэлийн бүх л шатанд иргэдэд мэдээлэл өгөх, мэдээллээр хангах ажлыг бүх шатны байгууллага анхаарч ажиллах /Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу/
-Хамтарч ажиллах, мэдээлэл авахбайдлаар албан бичгээр хүсэлт гаргахад хариу өгдөг байх
-ИНБ-ыг иргэдийн төлөөлөл болж ажилладаг, төрийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх, сурталчлах үүрэг чиглэлтэй ажилладгийг ойлгохгүй хянаж шалгадаг мэтээр буруу ташаа ойлголттой байгаа нь хамтын ажиллагаанд саад учруулж байна.
6 сэтгэгдэл