|

Түлшний туршилт үргэлжилсээр...


Дэлхийн хамгийн утаатай нийслэлээр жил бүр өргөмжлүүлдэг Монгол Улс утааны эсрэг “туршилт”-д иргэдээ хамруулсаар багагүй хугацааг өнгөрүүллээ. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд түүхий нүүрснээс шахмал түлш рүү шилжээд эхний жилийг нь эс тооцвол үр дүнд хүрээгүй.
Харин энэ жил шинэ төрлийн түлшийг ард иргэд дээрээ дахин “турших”-аар болжээ. Тодруулбал, нийслэлд энэ сарын 9-нөөс эхлэн хагас коксон шахмал түлшийг БНХАУ-аас импортлон хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байна. Албаныхны хэлж буйгаар энэхүү түлш нь агаарын бохирдлыг 28 хувиар бууруулаад зогсохгүй, Улаанбаатар хотын нийт агаар орчны бохирдлыг 40-45 хувь хүртэл бууруулах гэжээ. Гэвч энэ амлалтын цаана дахин олон иргэний амь нас, эрүүл мэнд яригдах вий гэх болгоомжлол ард иргэдийн дунд айдас төрүүлж байна.

Шахмал ба кокс

Шахмал түлшнээс хагас коксонд шилжиж буй иргэдийн хувьд энэ түлшний талаар БНХАУ-аас импортолж байгаагаас өөр тодорхой мэдээлэл алга. Албан хаагчдын хэлж байгаагаар бол хагас коксыг шахмал түлштэй адил зарчмаар түлж хэрэглэнэ гэдгийг л иргэдэд зөвлөөд буй. Тэгвэл хагас коксон түлш гэж юу вэ гэдэг асуултаар энэхүү нийтлэлээ үргэлжлүүлье.
Хагас коксон түлш (semi-coke) гэдэг нь нүүрсийг халааж боловсруулснаар гаргаж авдаг, өндөр илчлэгтэй, хорт хий бага ялгаруулдаг түлш юм. Энэ нь уламжлалт түүхий нүүрснээс бага утаа ялгаруулж, илүү илчлэгтэй байдгаараа онцлог.
Хятад улс 2017 онд хагас коксон түлшийг нэвтрүүлж, агаарын бохирдлоо илт бууруулж чадсан. Хагас кокс нь өндөр дэгдэмхий хортой түүхий нүүрсийг угааж баяжуулан, 550-700 хэмд хуурай пироликын аргаар гаргаж авсан бага дэгдэмхийтэй нүүрстөрөгчийн бүтээгдэхүүн аж.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин
Нүүрс, мод, аргал, цаас юу ч түлсэн тодорхой хэмжээнд угаарын хий ялгарна. Угаарын хий их, дунд, бага гэдэг асуудлыг л ярина. Хагас коксон шахмал түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага байгаа.
Манай улсын хувьд хагас коксон түлшний судалгааг мэргэжлийн байгууллагууд үе шаттай хийжээ. Хамгийн сүүлд 2023 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Эрчим хүчний яам “Тавантолгой түлш” компанийн хамтарсан ажлын хэсэг судалгаа хийсэн байна. Улмаар 2023 онд Монгол Улсад болон гаднын итгэмжлэгдсэн долоон лабораторид шинжилгээ хийлгэжээ. Шинжилгээгээр хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхэд хамгийн тохиромжтой түлш гэсэн дүгнэлт гарчээ. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс сайжруулсан шахмал түлшний орц найрлагыг сайжруулах судалгаа хийжээ. Улмаар эдгээр бүх судалгаа, дүгнэлт, зөвлөмжийн үр дүнд хагас коксон түлшийг хэрэглэх нь зөв гэх шийдэлд хүрчээ.
Хэдийгээр албаныхан коксон түлшийг олон улсад амжилттай хэрэгжсэн, хор багатай, судалгаа хийгдсэн гэх зэргээр мэдээлж байгаа ч бодит байдал дээр иргэдийн дунд айдас, үл итгэх үзэл байсаар байна. Учир нь, бид яг энэ үгийг зургаан жилийн өмнө, шахмал түлшийг анх нэвтрүүлэхэд мөн сонсож байсан. Тэр үед одоо ярьж байгаа бүхнээ яриад “Агаар цэвэршинэ, угаарын хий буурна” гэж амлалт өгсөн ч өнөөдөр үр дүн нь эсрэгээрээ байгааг ард иргэд амь нас, биеэрээ туулж мэдэрсэн.

Амь эрсэдсэн туршилт

Улаанбаатарын утаа тоон үзүүлэлтээсээ хальж олон мянган иргэний эрүүл мэнд, заримынх нь амь насаар хэмжигдэх болсон. Тоо сөхвөл, сүүлийн арван жилд зөвхөн утаатай тэмцэх нэрийн дор 1.5 их наяд төгрөг зарцуулсан ч, угаарын хийн хордлогоор олон хүн хохирч, амь насаа алдсаар байна. Тухайлбал, НЭМҮТ болон ХӨСҮТ-ийн хамтарсан судалгаагаар 2018 оноос өмнө улсын хэмжээнд жилд угаарын хийн хордлогын 30 орчим тохиолдол бүртгэгддэг байсан бол, 2019 оноос хойш энэ тоо мянгаас буугаагүй байна. 2023 онд гэхэд 3000 гаруй хүн эмнэлгийн тусламж авч, 61 иргэн амь насаа алджээ. Харин 2024 онд энэ тоо бага зэрэг буурсан ч 1579 хүн угаартаж эмнэлгийн тусламж авсан бол 31 хүн нас барсан байна.
2025 оны эхний 10 сарын байдлаар нийслэлийн долоон дүүрэг, есөн аймагт нийт 1603 хүн угаартаж 110 хүн харамсалтайгаар амь насаа алдаад буй.
ХЭҮК-ийн судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир
Угаарын хийн хордлогоор нас барсан иргэдийн тоо буурахгүй байна. Угаарын хордлогын мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх ёстой. Гэвч энэ мэдээлэл хязгаарлагдмал байна. Тухайлбал, 2019 оноос хойш хугацаанд 780 гаруй хүн угаарын хийн хордлогын улмаас шалтгаалж нас барсан гэх тоон мэдээллийг утааны сонсголын үеэр ярьж байсан.
Он цагийн дарааллаар харвал угаарын хийн хордлого жилээс жилд өсөж байхад дарга нар, албаныхан бурууг бусдад тохсон хэвээр. Угаартсан иргэдийг “Галаа түлж чадахгүй байна”, “Өрхөө битүүлсэн”, “Зуух, яндан нь цоорсон байсан” гэх тайлбар өгч бусдад бурууг нь чихсээр энэ туршилтаа үргэлжлүүлсэн.
Бүүр цаашлаад иргэний хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн удаа ч бий. Жишээлбэл, өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд 6-51 хүртэлх насны зургаан хүн угаартаж амиа алдсан тохиолдол гарсан. Улмаар гэр бүлийн зургаан гишүүнээ угаараар алдсан О.Одбаяр хүү хэвлэлд гомдолтой байгаагаа илэрхийлэн мэдээлэл өгсөн. Хүү мэдээлэлдээ гэр бүлийнхнийг нь угаартаж амиа алдсан байхад нь ээжийг нь архины хамааралтай нас барсан дүү нарыг нь ядуу хэмээн олон нийтэд мэдээлсэнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн, тэрээр хэвлэлд ярилцлага, мэдээлэл өгч болохгүй гэх гэрээ хийгээгүй учир мэдээлэл өгч байна. Хэрэв мэдээлэл өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж сүрдүүлсэн гэдгийг олон нийтэд дэлгэж байв.
Уг явдлын дараа угаартсан иргэдийг хэвлэлд ярилцлага, мэдээлэл өгөхийг хориглож гарын үсэг зуруулдаг гэх мэдээлэл олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан. Угаараар гэр бүлээ алдсан хүү хэвлэлд мэдээлэл өгөөд шалгуулдаг бол хувийн мэдээллийг нь цацсан алба хаагчид хариуцлага үүрдэггүй шударга бус тогтолцоо манайд байна. Ийнхүү утаатай холбоотой олон асуудал зөвхөн иргэдийн нуруун дээр ирж, амь нас, эрүүл мэндээрээ үүнийг төлж байхад дарга нар утааны эсрэг мөнгийг үр ашиггүй зарцуулж, хий хоосон туршилтаа үргэлжлүүлсээр байна.
Эцэст нь хэлэхэд, энэ өвөл нийслэлчүүд дахин шинэ түлш, шинэхэн утаа мэдрэгчийг амь насаараа турших эрсдэлд орох вий!

https://eagle.mn/r/mLgkEEH8qja

0 сэтгэгдэл