|

Цуврал алуурчин Мэнсоны дагагчийг суллаж магадгүй байна


Калифорни муж улсын Нөхцөлтэйгээр хугацаанаас нь өмнө суллах комисс цуврал алуурчин Чарльз Мэнсоны хамгийн залуу дагагч Лесли Ван Хаутеныг шоронгоос суллахыг санал болгожээ. Тэрбээр шоронд 40 гаруй жилийг өнгөрүүлсэн юм.
Өдгөө 69 настай Ван Хаутенд 1971 онд цаазын ял оноож байжээ. Тэр үед Калифорни муж улсын Дээд шүүх цаазын ялыг үндсэн хуульд нийцэхгүй гэж мэдэгдэж байсан учир шүүхийн тогтоолыг бүх насаар нь хорих ял болгон өөрчилж байсан аж.
Мэнсоны дагагч Ван Хаутенд 1977 онд нөхцөлтэйгээр хугацаанаас нь өмнө суллах эрхийг олгож байсан хэдий ч түүний хүсэлт 16 удаа цуцлагдаж байжээ. Хугацаанаас нь өмнө суллах комисс Ван Хаутеныг 2016, 2017 онуудад суллахыг санал болгож байсан хэдий ч тэр үед Калифорни муж улсын амбан захирагч байсан Жерри Браун шийдвэрийг цуцалсан байна.  
Харин бүх насаараа хоригдох ялтай байсан цуврал алуурчин Мэнсон 2017 оны 11 дүгээр сард 83 насандаа эмнэлэгт нас барсан юм. Тэрбээр хэд хэдэн аллага үйлдэж байсан аж.
Мэнсон "Гэр бүл” гэгдэх бүлэглэлийнхээ гишүүдийн хамт 1969 онд Лос-Анжелес хотод Франц, Польшийн найруулагч Роман Поланскийн гэргий Шэрон Тэйт болон түүний танил 4 хүнийг хөнөөж байжээ. Түүнчлэн Мэнсоныг өөр хоёр аллагад буруутай гэдэг нь тогтоогдож байсан аж. 
 montsame.mn

0 сэтгэгдэл