|

Усан бассейны барилгын ажил сунжирсаар зургаа дахь жилдээ оржээ

 

 

Усан бассейны барилгын ажил сунжирсаар зургаа дахь жилдээ оржээ

 

Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн Эрдэнэбулган суманд баригдаж буй Хүүхэд, залуучуудын соёл, үйлчилгээний цогцолбор, усан бассейны барилгын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 95 хувьтай байна.

Барилгын дотор заслын ажил дутуу байгаа ажээ. Тус барилгын ажлыг улсын төсвийн нийт тэрбум 470 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын "ЭБО сервис” ХХК барьж байгаа.



Гүйцэтгэгч "ЭБО сервис” ХХК анх ССАЖЯ-тай 2013 оны 6-р сарын 25-ны өдөр 3/129/85 дугаартай гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлсэн бол дараа нь 2015 оны 4-р сарын 16-ны өдөр ЭМСЯ өмнө байгуулсан 3/129/85 тоот гэрээг үргэлжлүүлэн, 2015 оны 12-р сарын 31-нийг хүртэл сунгасан байдаг. Барилга хугацаандаа ашиглалтад ороогүй учраас дахин 2015 оны 12-р сарын 15-ны өдөр БСШУСЯ-наас 2017 оны 6-р сарын 30-ны өдөр хүртэл сунгасан байна.Энэ мэтчилэн гэрээний хугацааг хамгийн сүүлд2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан ч ашиглалтад оролгүй зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Үүнд гүйцэтгэгч компанийн зүгээс "Хүүхэд, залуучуудын соёл, үйлчилгээний цогцолбор, усан бассейны барилгын байршил өөрчлөгдсөнтэй холбоотой суурийн болон гадна инженерийн шугам сүлжээний ажлын зурагт өөрчлөлт орж, 2013 оноос эхлэн таван жил он дамжин хэрэгжиж байгаагаас бараа материалын үнийн өсөлт тооцуулж, одоогоор 600 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаа” хэмээн ярьж байна.


0 сэтгэгдэл