Архангай аймгийн Жаргалант сумын хүүхдийн цэцэрлэгийн 50 хүүхдийг хүлээн авах өргөтгөлийн ажил дуусч, ашиглалтад хүлээн авлаа. Цэцэрлэгийн өргөтгөлийг тус сумын сум хөгжүүлэх сангийн 101.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Стродормиш” ХХК барьжээ.
Цэцэрлэгийн барилга нь 1991 онд ашиглалтад орж, ерэн хүүхэд авч ажиллаж байгаад 2008 оноос хүүхдийн тоо нэмэгдэж 170 гаруй хүүхэд хүлээн авдаг болсон байна. Хүүхдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор цэцэрлэгийнхээ хажууд гэр барьж, 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байсан бол энэ жил шинэ өргөтгөлтэй болж, хүүхдүүдээ дулаан, тохилог байранд авдаг боллоо.
Жаргалант сумын тухайд сум хөгжүүлэх сангийнхаа мөнгийг үр дүнтэй зарцуулж байгаа сумдын нэг. Одоогийн байдлаар сумын сум хөгжүүлэх сангийн 225 сая төгрөгт ЗДТГ-ын байрыг шинээр бариулахаар тендер зарлаад байна. ЗДТГ-ын байрын нийт төсөвт өртөг нь 800 гаруй сая төгрөг болж байгаа бөгөөд үлдсэн 600 гаруй сая төгрөгийг төсөвт суулгахаар хэлэлцэж байна.
0 сэтгэгдэл