Архангай аймаг малчдынаа зөвлөлгөөнийг өнгөрөгч 6-р сараас эхлэн зохион байгуулж байна. Малын гоц халдварт шүлхий өвчний улмаас хойшлогдоод байсан зүүн бүсийн "Малчдын зөвлөлгөөн”-ийг энэ сарын 28-нд Батцэнгэл суманд зохион байгууллаа.
Малчид сумдын заагаар нутагладаг малчдын бэлчээрийн маргааныг шийдэж өгөх, хадлангийн талбайг бусад сумдтай хэрхэн зохицож эзэмших талаар гардаг маргааныг зохицуулах тухай санал хэлжээ. Мөн малчин бүрийн тамгыг гарал үүслийн бичиг дээр нь дарж ашиглаж болох талаар санал гарчээ.
Зөвлөлгөөнд оролцож буй малчдад аймгийн Засаг дарга хөдөө аж ахуйн талаар баримталж буй бодлого чиглэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын танилцуулга, бэлчээрийн сэргэх чадавх, бэлчээр ашиглагчдад суурилсан хэсгийн зохион байгуулалт, мал хулгайлах гэмт хэргийн төлөв байдал, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байршил тогтоох төхөөрөмжийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ашиглах нь зэрэг мэдээллүүдийг холбогдох газрын мэргэжилтнүүд өгсөн байна.
Зөвлөлгөөн нь эдийн засгийн гол суурь, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох хөдөө аж ахуйн салбарын цаашдын бодлогод малчидтайгаа хамтран ажиллах, тэдний санал хүсэлтийг сонсох, мал аж ахуйн салбарт шинээр батлагдсан хууль, тогтоомжийг сурталчлах, аймгийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах, малчдаа сонсох зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.
Зүүн бүсийн зөвлөлгөөнд Батцэнгэл, Төвшрүүлэх, Өлзийт, Хашаат, Өгийнуур, Хотонт сумдын 200 орчим малчин оролцсон байна.
3 сэтгэгдэл