[medium=left]http://arkhangai.mn/uploads/posts/2018-09/1536220967_p1cmll1dvk1fim1fmf1mfo1v1113rf3.jpg[/medium]Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ жилийн зуншлага 7 дугаар сарын эхээр сайжирч 7-р сарын 10 гэхэд нутгийн 70 хувьд сайн, Чулуут, Хашаат, Өгийнуур, Өлзийт сумдын нутгаар дунд үнэлгээтэй. Наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгаар зуншлага хэвийн байлаа. Өнгөрөгч 8-р сарын 24-нд аймгийн нийт нутгийн бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс харахад нутгийн 60 орчим хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 30 хувьд нь даац 1-3 дахин хэтэрсэн, 10 орчим хувьд нь олон дахин хэтэрсэн байдалтай байна.
Бэлчээрийн даацын зургаас нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж байна. Харин нутгийн 40 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муутай байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Батцэнгэл, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Хашаат сумдын бүх баг, Тариат сумын Тэрх, Цагааннуур, Хорго, Сөрт багууд, Чулуут сумын Халуун ус, Зуун мод багууд, Булган сумын Тамир, Зуун мод багууд, Жаргалант сумын Эрдэнэ уул баг, Ихтамир сумын Эрдэнэтолгой, Хан өндөр, Борт, Бугат багууд, Цэнхэр сумын Буйлан, Цэцэрлэг багууд, Хотонт сумын Бургалдай, Чандмань багууд, Цэцэрлэг сумын Хужирт, Туулант багуудын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна.
Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон ба бороо их орсон газраар лууль шарилж зэрэг нэг наст ургамлууд зонхилж ургасан тул га-ийн ургац ахиу гарч, энэ нь бэлчээрийн даац сайнаар гарахад нөлөөлсөн. Гэхдээ эдгээр ургамлууд өвөл хавартаа бэлчээрт хадгалагдаж үлдэхгүй онцлогтойг анхаарах шаардлагатай байна.
Бэлчээрийн даацыг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ.
Б.Гэрэлт-Од
13 сэтгэгдэл