Netflix-ийн алдарт "Black Mirror" ба "Altered Carbon" цувралуудад гардаг үйл явдал бодит амьдрал дээр биеллээ олох магадлалтай болоод байна. Тодруулбал АНУ-ын Nectome нэртэй старт-ап компани дэвшилтэт технологи бүхий химийн арга ашиглан ирээдүйд хүний тархийг занданшуулж, мэдрэлийн эс ба мэдрэлийн эсийн холбоосуудыг хадгалах боломжтой гэж үзжээ. Мөн онолын хувьд тэд хүний оюун ухаан, дурсамжуудыг ч давхар хадгална гэж итгэж байгаа аж. Ингэснээр 100, тэр ч бүү хэл 1,000 жилийн дараа таны оюун ухааныг дахин сэргээх боломжтой гэж тус компани үзэж байна.
Гэхдээ бүх зүйл тийм ч амархан биш. Учир нь энэ үйл явцыг хийхэд "шинэхэн" тархи хэрэгтэй гэнэ. Өөрөөр хэлбэл амьд хүний тархи шаардлагатай болох бөгөөд энэ ажилбар нь "100% үхлийн аюултай" гэж Nectome компанийн үүсгэн байгуулагч, Массачусетсийн технологийн их сургуулийн төгсөгч Роберт Макинтайр өөрөө мэдэгдсэн байна. Хачирхалтай нь яг л галзуу эрдэмтний туршилт шиг сонсогдож байгаа уг төсөл нь 10,000 ам.долларын үнэтэй бөгөөд мөнх амьдрах хүсэлтэй 25 хүн аль хэдийнэ бүртгүүлээд амжжээ. Ингээд ч зогсохгүй АНУ-ын Үндэсний сэтгэцийн эрүүл мэндийн институт Nectome компанийн уг төслийн хөгжилд зориулж 960,000 ам.долларыг олгосон байна.
Эхний ээлжинд Nectome компани эдгэршгүй өвчтэй хүмүүсийг тусгай төхөөрөмжид холбож, гүрээний судсанд нь занданшуулдаг бодис шахах төлөвлөгөөтэй байгаа аж. Одоогоор тэд энэ үйл явцыг туршихаар хуульчидтай зөвлөлдөж байна. Дашрамд дурдахад Калифорни мужийн хуулинд эдгэршгүй өвчтэй хүмүүс өөрсдийн хүсэлтээр үхэх эрхтэй байдаг гэдгийг онцлох нь зүйтэй билээ.
Эх сурвалж: BURO247.MN |
9 сэтгэгдэл