|

"Мөнхжин-Од" компанийн нууц ноёнтон хэн бэ?

 

-Тус компани 13 удаа шалгалтад бүдэрсэн ч архины тусгай зөвшөөрлөө сунгуулж чаджээ- 
 
Одоогоос арван жилийн өмнө "Азийн чоно” ХХК-ийн үйлдвэрлэсэн архинд 15 хүн хордож амиа алдсан, мөн цөөнгүй иргэн эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирсон гашуун түүхийг уржигдар болсон үйл явдал дахин харууллаа.
 
Тухайн үед тус компани архиа техникийн бохирдлыг цэвэрлэдэг спиртээр найруулсан байсан гэдэг.
Энэ бодис нь хүний уураг тархины төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Ялангуяа нүдэнд хамгийн их нөлөөлдөг. Амь насаа алдсан хүмүүс бүгдээрээ хараагүй болж өнгөрсөн гэдэг баримт бий. Тэгвэл уржигдар Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт архинаас болж амь насаа алдсан гэх таван иргэнийг урьдчилсан байдлаар архинд хордсон байж болзошгүй гэх дүгнэлтийг албаныхан гаргасан. Тэгэхээр дээрх таван хүн техникийн бохирдлыг цэвэрлэдэг метинолийн спиртээр найруулсан архи уусан юм биш биз гэсэн хар төрж байна. Ямартай ч хэргийн газраас "Найрсаг" нэртэй архины шил, "Гайхмаараа" шил арчигч бодис олдсон байна. Нас барсан иргэд байрны сантехникч болон манаач, үйлчлэгч байсан, нэг нь эмэгтэй байсан тухайг албаныхан хэлж байна. Одоогоор уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж ажлын хэсгийг ч байгуулсан байна. Тэд ямар учир шалтгаанаар иргэд нас барсныг тодруулах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулахаар ажиллаж байгаа аж.
 
Ямар бодисоос хордсон болох нь эд эсийн нарийвчилсан шинжилгээгээр гарна
 
Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд "Хэрэг бүртгэлт явагдаж байна. Урьдчилсан байдлаар эдгээр иргэд нэг дор бөөндөө байж, нэг зүйлээс хордсон байж болзошгүй гэсэн таамаг байна.
 
Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд шилжүүлж, шинжлүүлэх ажиллагаа хийгдэж байна. Ямар бодисоос хордсон болох нь эд эсийн нарийвчилсан шинжилгээгээр гарна. Иймээс архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ялангуяа чанар, стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдаж авахгүй байхыг иргэд та бүхнээс хүсч байна” гэв. Мөн олон тооны иргэд хордсон байдалтайгаар амь нас нь эрсэдсэн учраас шүүх шинжилгээний эцсийн дүн гарах хүртэл өчигдрөөс эхлэн энэ сарын 20-ныг хүртэл архи, согтууруулах ундааг зарахыг хориглосон шийдвэрийг гаргаж гурван хоногийн турш 500 гаруй байцаагч дэлгүүрүүдэд шалгалт хийхээр болсон байна.
 
Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаа, прокурор, мэргэжлийн хяналтын байцаагч нар "Мөнхжин-Од” ХХК-ийн үйлдвэр дээр очиж "Найрсаг” гэх архийг хураан авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү шинжлүүлэхээр шилжүүлжээ. Мөн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, тухайн байрыг лацдаж битүүмжилсэн байна. Учир нь хордож амиа алдсан иргэд "Мөнхжин-Од” ХХК-ийн үйлдвэрлэсэн 3500 төгрөгөөр борлуулдаг "Найрсаг” гэх архи уусан байна. 
 
Юутай ч олон нийтийн дунд төдийгүй хууль хяналтынхны хэлж буйгаар нас барсан иргэн "Гайхмаараа” шингэн бус "Мөнхжин-Од” ХХК-ийн "Найрсаг” гэх цэнхэр шилтээс болж амь насаа алдсан байх магадлал өндөр гэнэ. Ийн хэлэхийн учир нь бид өнгөрсөн дугаартаа тус компанийн хууль бус үйлдлийн талаар тодорхой мэдээллийг олон нийтэд өгсөн учраас энэ удаад дахин нурших нь илүүц байх. Өөрөөр хэлбэл, удаа дараа шалгалтад бүдэрч хуурамч архи үйлдвэрлэж байгаа тус компанийн ард талд хэн гэгч эрхэм өнөөдрийг хүртэл тэдний энэ мэт хууль бус үйлдлийг хаацайлсан бэ гэдэг нь анхаарал татах асуудал.
 
Хэрвээ шинжилгээгээр тус компанийн архинаас болж хордсон гэсэн дүгнэлт гарвал хариуцлагыг зөвхөн компанийн захирал болон бас бус хүмүүс үүрэх үү гэдэг нь ч сонирхолтой. Мэдээж тус компанийн ар талыг дааж өнөөдрийг хүртэл хуурамч архи үйлдвэрлэх бололцоог нь хангаж өгсөн эрх мэдэл бүхий албан тушаалтыг ч бас хариуцлагад татаж хүний амь нас хөнөөхөд санаатайгаар гар бие оролцсон гэх хэрэгт буруутгахад болохгүй зүйл байхгүй. 
 
Хэрвээ одоо л тус компанид холбогдох хууль хяналтын байгууллагынхан доривтой арга хэмжээ авахгүй бол энэ мэтээр зүсээ хувилгаж хэдэн ч хүний аминд хүрэхийг хэн ч хэлж мэдэхгүй гэдэг нь бодит үнэн. Угтаа бол хуулийнхан дүрэм журмаа хэрэгжүүлээд олон удаагийн шалгалтад бүдэрсэн тус компанийн тоног төхөөрөмж үйлдвэр нь лацдаад үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоох ёстой гэж хэлэх байна. 
 
 
Р.Саруул
Эх сурвалж:"Өглөөний сонин"

333 сэтгэгдэл