|

АРХАНГАЙ: Дөрвөн байршилд “Хурдан” цэгийг байгуулж, иргэдэд үйлчилгээг үзүүлж байна



Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах “Цахимд хэвшье” уриатай цахим хөгжлийн өдөрлөгийг Архангай аймагт өнөөдөр зохион байгуулж байна.

Цахимд хэрхэн шилжиж буй мэдээллийг тоймлоё.

Архангай аймаг нь 95 мянга гаруй хүн амтай. Үүнээс 71.5 мянган үүрэн холбооны, 3.1 мянган суурин интернет хэрэглэгч байна.
Үүрэн холбооны сүлжээ ихэнх багт нь орсон сумдад Эрдэнэбулган, Өлзийт, Өгийнуур, Булган, Хашаат байгаа бол хамгийн бага сүлжээ орсон сумдад Хангай, Цахир, Хотонт, Цэцэрлэг, Чулуут, Хайрхан орж байна.
2023 онд үүрэн холбооны оператор компаниуд Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Өлзийт, Эрдэнэмандал, Тариат, Ихтамир гэх зэрэг 14 суманд 3G,4Gсүлжээний өргөтгөл хийснээр үүрэн холбооны тархалт, чанар сайжирсан. 2023 оны төгсгөлд Мобиком, Юнителийн 5Gсүлжээний өргөтгөлийг хийж, туршиж байна.

Харилцаа холбооны дэд бүтцийн тухайд “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК аймгийн төв, Тариат, Цахир, Өндөр-Улаан суманд үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх өргөтгөл хийж, Хөвсгөл, Завхан аймгийн чиглэлдRingсүлжээ үүсгэжээ. Мөн Ихтамир, Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумын алслагдсан 5 багт “Бүх нийтийн үүргийн сан”-гийн хөрөнгөөр үүрэн холбооны 4Gсүлжээг оруулахаар дэд бүтцийг хийгээд байна.
Цахим засаглалыг бэхжүүлэх ажлын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний хэлтсийг байгуулж, Улсын бүртгэлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлгийн лавлагааны цэг, Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын лавлагаа, Архангай аймгийн Монгол шуудангийн салбар зэрэг 4 байршилд “Хурдан” цэгийг байгуулж, иргэдэд үйлчилгээг үзүүлж байна.
И-Монголиа системд Архангай аймгийн 38068 иргэн бүртгэлтэй ашиглаж байгаа ба өнөөдрийн байдлаар 638061 хүсэлт ирүүлсэн нь улсын дундажтай харьцуулахад 14 дүгээрт эрэмбэлэгдэж байна.

Тоон гарын үсэг авах 92343 иргэний 50 хувь нь тоон гарын үсгээ авчээ.
Цахим аймаг болох ажлын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр төлбөр тооцооны Гэрэгэ киоск машин гурвыг байрлуулахаар гүйцэтгэлийн шатандаа явж байна.
Орон нутагт цахим шилжилтэд гарч буй хүндрэл бэрхшээл нь дэд бүтэц, технологийн хүртээмжгүй байдал, цахим технологийн хэрэглээ хязгаарлагдмал, иргэд, төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадвар сул, төр, хувийн хэвшлийн байгууллагуудад мэдээллийн технологи нэвтрүүлэх, нутагшуулахад зардал өндөр, санхүүжилт дутмаг байдал, төрийн байгууллагуудын техник, технологийн шинэчлэл удаан зэрэг хэдэн хэдэн шалтгааныг аймгийн Засаг дарга дурдаж байлаа. 

0 сэтгэгдэл