Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Алтан цом”-ын төлөөх барилдаан зургаан сарын турш үргэлжилж, өндөрлөлөө. 21 аймаг, 9 дүүргийг хамарсан Монгол бөхийн бүх гал, багуудын нийт 32 багийн 192 хүчтэн оролцсон "Алтан цом"-ын төлөөх барилдааны сүүлийн шатанд Булган болон Архангай аймгийн бөхчүүд хүч үзэн, 16:9-өөр Архангайчууд ялалт байгуулж, анхны алтан цомын эзэн боллоо. Харин багийн барилдаанд ялсан баг тус бүр барилдаан бүрийн дараа 5.000.000 төгрөг авч байсан бөгөөд барилдааны нэг давааг 100.000 төгрөгөөр тооцож урамшуулал олгосон юм.
"Алтан цом"-ыг 200 сая төгрөг дагалдсан бол дэд байрт шалгарсан Булган аймгийн багт 50 сая төгрөг олгожээ.
Үндэсний "Алтан цом"-ын загварыг уран барималч, зураач МУСТА Ж.Түмэнчулуун гаргасан бол уран дархан Б.Алтангэрэл хагас жилийн хугацаанд бүтээн туурвисан байна. Үнэт чулуун суурин дээр Их Юань гүрний үеийн Алтан хундагыг байрлуулж, Идэр залуу дөрвөн аваргаар түшүүлсэн энэхүү Алтан цом нь 0.6 метр өндөр, 43 кг жинтэй бүтээгджээ.
"Алтан цом"-ын суурийг хар ногоон өнгийн үнэт чулуугаар хийсэн нь Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ үүрд оршихыг бэлгэдсэн бөгөөд найман талт суурь нь Монгол орны дөрвөн зүг, найман зовхисыг бэлгэдсэн байна. Мөн чулуун суурийн 3 давхар үе нь Монгол бөхийн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван үеийн бэлгэдэж, бүхий л цаг үед Монгол бөхийн дэвжээ хад чулуу мэт бат оршин байхын илэрхийлэл юм. Найман тал, 3 үетэй энэхүү чулуун суурин дээр нийт 24 ширхэг мөнгөн хавтанг байрлуулсан байна.
0 сэтгэгдэл