|

АРХАНГАЙ: "Адууны хийморьтой хайрхан-2" арга хэмжээ болно

"Нүүдэлчин Монгол-Бидний бахархал" - "Адууны хийморьтой хайрхан-2" арга хэмжээг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн нутаг Дуут нуурын урд дэнжид зохион байгуулахаар тов гарчээ. Монголын уламжлалт ахуйн соёл, ёс заншил, өв уламжлал, тоглоом наадгайг хадгалан хамгаалж, олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлэх, хөгжүүлэх, монгол түмний молор эрдэнэ хэмээн хайрладаг морио зөв хайрлан хамгаалах, адууны соёлыг дэлгэрүүлэх, адуучин залуусын авхаалж самбаа, ур чадварыг сорьж, ард иргэд, хүүхэд багачууд, хойч үедээ сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх зорилготой арга хэмжээ юм.
"Адууны хийморьтой хайрхан-2" арга хэмжээ нь адуучны тэмцээн, хурдан соёолон, даага насны морины уралдаан, хүчит бөхийн браилдаан, Шагайн харваа, "Шилдэг хос морьтон", дэмбээ, жороо морины уралдаануудыг тус тус зохион байгуулна.
Тухайлбал, "Адуучин" тэмцээнд Хайрхан, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Жаргалант, Өлзийт, Батцэнгэл сумд болон Булган аймгийн Сайхан, Баян-Агт сумдын шилдэг адуучин залуус оролцох аж.
Хайрхан сумын ЗДТГ-аас "Адууны хийморьтой хайрхан-2" арга хэмжээнд зохион байгуулалттай, амжилттай оролцсон багуудаасаа "Тэргүүний баг"-ийг шалгаруулж, сумын ЗДТГ-аас багийн төвийн тохижилтыг хийж өгч, 1000.000 төгрөгийн батламж гардуулах аж.
Дээрх арга хэмжээг Хайрхан сумын ИТХ, ЗДТГ, МҮЭ-ийн Соёлын төв ордон хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн Соёл урлагийн газар, "Хайрханы залуус" клуб дэмжин, хамтран ажиллаж байна. 

0 сэтгэгдэл