Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Төрийн тахилгатай, Суварга хайрхан уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолыг 2019 оны 6 дугаар сарын 16,17-ны өдөр зохион байгуулах тов гарчээ.
Тус хайрханыг 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат уул болгож байв.
Суварга хайрханы тахилгын ёслолыг 2009, 2014 онд хийж байв.
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Суварга хайрхан уул нь далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн. хангайн уулархаг мужид багтах уул юм. Тус хайрхан нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм. Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс тахин шүтэж, эр хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг уламжлалтай ажээ.
Эрт цагаас монголчууд уул овоог орон нутгийн хэмжээнд шүтэж, тахиж байснаас гадна түүхийн сурвалжид тэмдэглэснээр 13-р зууны үед Чингис хаан Бурхан Халдун уулыг тахиж шүтэж байхыг зарлигдаж байжээ.
Эх болсон байгаль дэлхийгээ хүмүүнчлэн үзэж хайрлан хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, ард иргэдийнхээ эх оронч, үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа энэхүү тайлга тахилгын ёслолын ач холбогдолд оршиж буй гэнэ.
Манай улсад "Суварга хайрхан”, "Алтай таван Богд”, "Алтан хөхий хайрхан”, "Алтан овоо”, "Богд Хан-Уул”, "Бурхан Халдун”, "Говь гурван сайхан”, "Хан хөхий хайрхан”, Богд Очирваань Отгонтэнгэр”, "Сутай хайрхан” гэсэн төрийн тахилгат арван уулс бий. Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 32 дугаар зарлигаар "Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баталсан байдаг.
38 сэтгэгдэл