|

МОРИО ДЭЭДЛЭХ МОНГОЛ ЁС

МОРИО ДЭЭДЛЭХ МОНГОЛ ЁС

 

Монголын нүүдэлчид эрт цагаас малаа өсгөх , түүний ашиг шимийг нь хүртэхийн тулд их зүйлийг сэтгэн зохицуулж иржээ. Нийгмийн хөгжлийн олон үеийн турш монголчуудын амьдралд адууны илчлэг мах, чанарлаг сүү цэгээ нь идээ ундааны сор болсоор байж. Адуу нь хол, ойрын уналга болон ахуйд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн тухай ардын аман зохиол, шаштир түүхнээ олонтаа тэмдэглэгджээ. Монгол хэлэнд "хүлэг морь”, "хүлэг баатар” гэж хэлдэг үгс бий. Ийнхүү хүний сүр жавхлан цог залийг "хийморьтой”, баатар эрсийг хүлэгтэй зүйрлэдэг нь адууг эрхэмлэн нандигнах монгол заншлын нэгэн илрэл гэлтэй.

Монгол хүний сүр сүлд болсон морин эрдэнийн тахилгын гол нь хийморь юм.Монголчууд өөрсдийн сүлд хийморио сэргээхийн тулд хийморийн дарцагийг гэрийнхээ гадаа, уулын овоонд хийсгэж бэлгэддэг аж. Морь дүрсэлсэн хийморийг онцлох нь монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ухаарал, өвөг дээдсийн сүлд, шүтээний уламжлалтай холбоотой. Сүр сүлдтэй , цог жавхаатай хүнийг хийморьтой хүн гэж хэлдэг.

Монгол хүн адууг хүслийг хангагч эрдэнэ, хүний дотно нөхөр, наадам цэнгэлийн бахархал хэмээн ойлгож адууны хөхөл сүүлээр туг сүлд хуур хөгжмийн чавхдасыг хялгасаар нь хийх зэрэг адууг эрхэмлэх зан үйл арвинтай билээ.

Эртнээс нааш монголчуудын шүтлэгт онгоны сэтэртэй морь байсан бөгөөд морь эвшээхэд үйлс бүтнэ гэх, хайртай морио үхэхэд толгойг өндөр уулын оройд эсвэл давааны өл овоонд тавидаг. Хазаарт морины цулбуур алхах гишгэхгүй , ямагт доогуур нь шургаж гарах, адуу агталж босгомогц гарсан цусыг дөрвөн туурайд нь арчин түрхэж сайн морь, сайн агт бол гэж тавих заншил байж. Тэрчлэн эмээлт морь дөрөөгөө зуух, хадуурхыг эзэнд ээлгүй гэх, эмээлийг мориноос авахдаа урд бүүргийг дээш харуулж тавих, морь юүлэхдээ ч гэсэн заавал эмээлээ газар тавьж байж нөгөө моринд тохдог ёс байжээ. Унаад явж байгаа морь хазаар дарах, газар үмхлэх , цас шүүрэх зэрэг зан гаргаж байгаа нь сайн морины бас нэгэн шинж юм. Уяан дээр зогсохдоо бусдын хүзүүн дээр толгойгоо тавих, ялаархахгүй атлаа хазаар дарах, ойр ойрхон эмээлээ шилгээх, эзнээ хараад эвшээх, ойртон очиход үнэртэх зэрэг онцгой ааль үзүүлж байхыг адуучин гярхай харваас сайн морь эзэмшиж эдэлж байгаагийн шинж аж.

Гийнгоо

Морио дээдлэхийн бас нэгэн илэрхийлэл бол морин уралдааны их нас гарах үед " Түмний эх” дууг дуулж морьдоо айргаар мялаадаг ардын уламжлалт заншил билээ. Тэрчлэн хурдан морь уяж сойх, гараанд бэлтгэх үед хүүхэд багачууд "гийнгоо аялах” нэн эртний гүн агуулгатай заншил үйлддэг. Энэ нь Гийнгоо хэмээх нарны бурхан хөрст дэлхийд хурдан морио хөлөглөн морь хүүхэд хоёр амгалан өлзийтэй байхыг бэлгэдсэн уриа юм. Монголчуудын нийтлэг хэрэглэдэг гийнгоо нь адууны тэнгэр Хаянхярваа бурханы зүрхэн тарни бөгөөд адууны сүлд бурхны ивээлийг тэтгэсэн утгыг агуулах аж. Гийнгооны уянгалаг аясанд хурдан морьд уярч гараагаа зөв олдог гэж үздэг.

Морь уралдуулах

Нүүдэлчин монголчуудын хөлөг морио уяж уралдуулах, сайн морийг шинжиж таних нь бие даасан урлаг, соёл иргэншлийн өвөрмөц мэдлэг ухаан гэж болно. Морины шинжийн талаар бичигдсэн судруудаас үзэхэд сайн морь бусдаасаа сэргэлэн цовоо, соргог зан аальтай , бэлчиж байгаа адууны хажууд очин исгэрэх, шивгэнэхэд сайн морь урьтаж шар харна. Хөөж яваа олон адууны өөдөөс буюу хажуунаас хүүе хаая гэж дуу өгөх, морины давхиагаар ширүүн ойртоход сайн морь тэр зүг рүү сэрвэсхийн ажигладаг аж

Адуу биеийн алжаалаа хөрвөөж тайлдаг. Хөлөрч ирсэний дараа зөөлөн шороо, шар бууцанд сайн морь бүх биеэрээ гүйцэд алдлан 1 – 2 эргэж хөрвөөдөг нь таних бас нэгэн шинж юм. Зогссон адуун сүрэг хөдөлж бэлчээрлэхэд сайн морь түрүүлж явах буюу сүүлдсэн ч заавал бусдыгаа гүйцэж түрүүлэх эсвэл захлах нь олонтаа. Энэ нь сайн морь бусдаасаа давуу гэдгээ сүрэг дундаа илэрхийлж байгаа хэрэг юм.

Сайн морь ижилсэг, нутаг усаа санамгайн улмаас нутаг ус ижил сүрэгтээн гүйх явдал их байдаг. Эзнээ дурсан нутаг усаа санан ижил сүрэгтээ гүйдэг тухай ахмадуудад хуучлахдаа "сайн морь эзнийхээ эмээлийг санадаг” тэр ч бүү хэл нутаг тийшээгээн толгойгоо харуулж үхдэг гэлцдэг. Манай малчид сайн морь, сайхан морь , хурдан морь зэргийг ялган бүхэл бүтэн соёлыг бүтээснийг Төв азийн болон нүүдэлчдийн түүхэнд оруулсан хувь нэмэр гэж эрдэмтэд үнэлсээр байгаа билээ.

0 сэтгэгдэл