|

Дулааны эх үүсвэрийн төрөл, түлшний хэмжээг сонгох шийдвэрийг эрэгтэйчүүд голчлон гаргадаг

 

Дулааны эх үүсвэрийн төрөл, түлшний хэмжээг сонгох шийдвэрийг эрэгтэйчүүд голчлон гаргадаг

 

Жэрэс ОУБ-аас Архангай аймагтай хамтран хэрэгжүүлдэг Семаатерр II төслөөс Эрдэнэбулган сумын амины орон сууцны өнөөгийн нөхцөл байдлыг
тодорхойлох суурь судалгааны ажлыг өнгөрсөн онд хийсэн. Судалгааг амины орон сууцын барилгын бүтээцийн материал, эрчим хүчний хэрэглээ, дулааны эх үүсвэрийн төрлүүд, мөн айл өрхийн эрчим хүч, дулаан хангамжид жендэрийн асуудал нөлөөлдөг эсэхийг тодруулах зорилгоор хийжээ.
Архангай аймгийн амины орон сууцууд төвлөрсөн дулаан хангамжид тэр бүр холбогдоогүй байдаг. Энэ нь дулааны эх үүсвэрийн хувьд хязгаарлагдмал байдаг тул нийтийн орон сууцанд амьдардаг хүмүүсийг бодвол хүүхэд, хөгшчүүл болон жирэмсэн эхчүүд өвлийн улиралд амархан өвчилдөг хандлага байдаг байна. Монголчуудын хувьд гэр бүлийн дулааны тав тухтай байдлыг эмэгтэйчүүд голчлон хангадаг. Гэвч судалгааны дүнгээр эмэгтэйчүүд ихэнхдээ дулааны тав тухтай байдалдаа бүрэн сэтгэл ханамжгүй байдаг гэсэн байна.

Дулааны эх үүсвэрийн төрөл, түлшний хэмжээг сонгох шийдвэрийг эрэгтэйчүүд голчлон гаргадаг байна. Харин эмэгтэйчүүд түлшний шинж чанар, халаалтын эх үүсвэрийн төрөл, барилгын эрчим хүчний хэрэглээг мэдэхгүй ч түлшийг зарцуулан дулаан, орчны тав тухыг хангаж байгаа юм.
Эрчим хүчний хэрэглээний талаарх асуулгаас харахад өрхүүд эрчим хүчний хэрэглээндээ хяналт тавьдаггүй, эрчим хүчний хэрэглээний талаар мэдээлэл хангалтгүй гэж хариулсан байна. Ихэнхдээ халаалтад хэр их дулааны эрчим хүч ашиглаж байгаа талаар сайн мэдэхгүй байна.
Эмэгтэйчүүд хүүхдүүдээ өвчлөлөөс хамгаалахын тулд халаалтын найдвартай эх үүсвэрийн талаар их сонирхож байгаа аж. Судалгаанд хамрагдсан нийт өрхийн талаас илүү хувь нь барилгын эрчим хүчний хэмнэлтийн талаар хангалттай мэдээлэлгүй. Мөн шийдвэр гаргагчид ба шийдвэрийг хэрэгжүүлэгчид буюу өрхийн гишүүдийн ойлголтын түвшин зөрүүтэй, адил түвшинд биш байгаа нь судалгаагаар тогтоожээ. Энэ нь эрчим хүчний хэмнэлтийг өрхийн түвшинд нэмэгдүүлэх, эрчим хүчний үр ашгийг сайжруулахад тулгамдаж байгаа үндсэн асуудлын нэг гэж дүгнэсэн байна.

0 сэтгэгдэл