|

Олон нийтийн барилгуудад дулаан алдагдал их байгааг хэмжилтээр тогтоов

Олон нийтийн барилгуудад дулаан алдагдал их байгааг хэмжилтээр тогтоов


Барилгын дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчийг хэмнэх, барилгын дотоод агаарын чанарыг сайжруулах чиглэлээр Архангай аймагт Семаатерр-2 төслийг хэрэгжүүлж буй ЖЭРЭС олон улсын төрийн бус байгууллага Хангай суманд ажиллажээ.
Үүний дагуу тус сумын Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдал болон сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг хэмжжээ.
Үдээс өмнө, хойш гэсэн давтамжтайгаар зориулалтын багажаар хийсэн хэмжилтийн үр дүнд 2018 онд баригдсан шинэ сургууль болон цэцэрлэгийн шинэ барилгуудын дулаан алдагдал нь 1980-аад онд баригдсан Соёлын төв, ЗДТГ-ын барилгаас илүү байгааг тогтоосон байна.
Барилгын дотоод орчны агаарын чанарыг хэмжихэд сургуулийн 23 сурагчтай ангид нүүрсхүчлийн дутуу исэл зөвшөөрөгдөх хэмжээнээс 4 дахин их, тасалгааны температур сэрүүхэн 15-17С (тохиромжтой температур 20-25С байх ёстой), агаарын чийгшил хэвийн гэсэн үзүүлэлттэй байв.
Харин цэцэрлэгийн 30 хүүхэдтэй ангид нүүрсхүчлийн дутуу исэл үдээс өмнө 2.5 дахин их, үдээс хойш 3.5 дахин их, тасалгааны температур мөн адил сэрүүхэн 15-17С, агаарын чийгшил хэвийн байжээ.
Сургууль, цэцэрлэгийн анги, танхим сэрүүн байдаг тул агааржуулах цонхыг онгойлгодоггүй байна.
Тэрчлэн сургуулийн уурын зуухны байрны нарийн ширхэгт PM2.5 тоосонцор зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй 20 дахин их байсан байна.
Ийнхүү барилгын дулаан алдагдал их, дотоод орчны агаарын чанар муу байгааг хэмжилтийн үр дүнгээр баталгаажуулан танилцуулсан байна. Сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, цэцэрлэгийн эрхлэгч, эмч нарт анги танхимын агаар сэлгэлтийг байнга хийж, хүүхэд, сурагчдыг дулаан хувцаслахад анхаарч ажиллахыг зөвлөжээ.

0 сэтгэгдэл