Архангай аймагт өчигдөр буюу 2021-03-24-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтнаас Ковид-19 вирусний тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын "Улбар шар түвшин”-д шилжүүлээд байгаа. Тэгвэл өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн 3 ажилтнаас дахин вирус илэрч, Архангай аймгийн дотоод дахь халдварын тохиолдол нийт 6 боллоо.
Ийнхүү Хайрхан сумын 1, Эрдэнэбулган сумын 5 иргэнээс Ковид-19 вирусний халдвар батлагдаж, тандалт судалгааны ажил үргэлжилсээр байна.
УОК-ын шийдвэрээр өнгөрсөн хоёр сард хот хооронд хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан батлагдсан тохиолдлын ар гэрт нийслэл дэхь голомтын бүсээс иргэд ирснийг тогтоогоод байна. Үүнээс голомтлон, вирусний нууц үе үргэлжилж хэд хэдэн удаагийн давтан шинжилгээгээр ийнхүү Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудаас илэрлээ.
Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлуудын нийт 6000 орчим хавьтлыг тодорхойлж, нэн ойрын хавьтлын иргэдийг тусгаарлах ажил үргэлжилсээр байна. Цаашид эмнэлгийн байгууллагаар хэвтэн эмчлүүлсэн болон үйлчлүүлсэн иргэдийн судалгааг гаргаж, хавьтал тодорхойлох ажлыг яаралтай хэрэгжүүлэн ажиллана.
16:00 цагийн байдлаар ойрын болон дам хавьтлын нийт 700 орчим иргэдэд PCR шинжилгээ хийж, хавьтлуудын сорьц цуглуулах ажил шат дараатайгаар үргэлжилсээр байна. Тиймээс иргэн та халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин, гэрийн дэглэмээ баримтлахыг АОК-оос анхааруулж байна.
0 сэтгэгдэл