|

У.Хүрэлсүх: Түүх, соёлын дурсгалуудыг хамгаалахад орон нутгийн иргэдийн оролцоо нэн чухал

 

У.Хүрэлсүх: Түүх, соёлын дурсгалуудыг хамгаалахад орон нутгийн иргэдийн оролцоо нэн чухал

 

 

Архангай /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Булган аймагт албан томилолттой ажиллалаа.Ерөнхий сайдын томилолтын бүрэлдэхүүнд БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Батболд, Ц.Мөнх-Оргил, Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Соёлын сайд С.Чулуун, БХ-ын сайд Г.Сайханбаяр болон бусад албаны хүмүүс багтан ажиллав.

УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны танилцуулсан зураглалын дагуу Архангай, Өвөрхангай, Булган аймаг дахь Орхон-Тамир, Хануй-Хүнүй, Туул голын сав газар дагуух Монголын төрт улсуудын нийслэлийн туурь, хэрэм, Хүннүгийн үеийн хаад, язгууртны булш, хиргисүүр, Буган хөшөө, тахилын онгон зэрэг үнэлж баршгүй соёлын биет өвтэй Монгол Улсын Ерөнхий сайд ажлын багийн гишүүдийн хамт газар дээр нь биечлэн танилцаж, судалгаа, малтлага хийж буй эрдэмтэн судлаачидтай уулзаж, тэдний саналыг сонсож, мэдээлэл солилцов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ,Сүүлийн 30-аад жил түүх, соёл, урлагийн хөгжлийг дэмжих бодлого орхигдсоныг Монгол Улсын Засгийн газраас сэргээх бодлого баримталж байна. Татан буугдаад байсан Соёлын яамыг дахин сэргээж, шинээр эмхлэн байгууллаа. "Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей зэргийг шинээр барьж, бусад түүхэн газар нутагт барьж байгаа цогцолборуудын барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, Үндэсний археологи, палеонтологи, угсаатны зүйн музей, лабораторийг байгуулахаар зорьж байна. Тиймээс Монголын эзэнт гүрнүүдийн түүх соёлын дурсгал олдвор ихтэй бүс нутагт биечлэн ажиллахаар шийдвэрлэсэн.


 

Архангай аймагтажиллахдаа эхний орж танилцсан газар нь Түрэгийн Билгэ хаан, Күльтегин жанжны тахилын онгон цогцолбор болох Хөшөө Цайдамын музей байв.


 

Түрэгийн Билгэ хаан, Күльтегин жанжны тахилын онгон цогцолбор

Түрэгийн Билгэ хаан, Күльтегин жанжны тахилын онгон цогцолбор, Түрэгийн хоёрдугаар хаант улсын хаан,түүний дүү нарт зориулж байгуулсан тахилын цогцолбор газарт Монгол - Туркийн хамтарсан экспедиц ажиллаж Орхон музейг байгуулсан байдаг.

VI зууны үед түүхийн тавцанд товойн гарч төр улсаа байгуулсан түрэгүүд анх Алтайн баруун биеэс мандан тодорч улмаар зүүншилсээр хөгжил цэцэглэлтийнхээ оргил үед Монголын төв нутаг Хангайн уулс, Орхон голын хөндийд төвлөн сууж байсныг түүхэн сурвалж нотолдог. 716-734 онд Дорнод Түрэгийн хаант улсын төрийг барьж байсан Могилян буюу Билгэ хаан, түүний дүү цэрэг дайны нэрт зүтгэлтэн Күльтегин нарын дурсгалд зориулан цогцлоосон.

Эдгээрийг байгуулахад нутгийн урчуудаас гадна нангиад зураач урчуудын туслалцаа орсон хэдий ч энэ нь түрэгийн угсаа сурвалжит язгууртны тахил шүтээний цогцолбор байгуулах уламжлалт загварыг баримтлан хийсэн хамгийн тод томруун дурсгалууд болно. Билгэ хааны тахилын онгоныг 734-735 оны үед байгуулсан ба Хятадын эзэн хаанаас тусгай элч томилон хүндэтгэл илэрхийлэхийн сацуу зураач урчууд илгээж онгоныг цогцлон байгуулахад хүчин хавсарчээ. Тус цогцолбор газраас Хааны алтан титэм, мөнгөн буга болон ээмэг зүүлт зэрэг олдсон байдаг.

Дараа ньХотонт сумын нутаг дахь Уйгурын хаант улсын нийслэл Хар балгас хотын туурьбайлаа. Туурь нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өв ба туурийн тайлбарыг доктор, профессор У.Эрдэнэбат хийсэн юм.


Хар балгас хотын туурь

Өнөөгийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс илэрсэн хамгийн том хотын туурь бөгөөд Уйгурын хаант Улсын нийслэл. МЭ-ий 751 онд Уйгурын Моюнчур хаан анх Орхон, Жирмантай хоёр голын бэлчирт цогцлоон байгуулжээ. Хар балгас нь 32км.кв талбай эзэлсэн асар том хот байсан нь нотлогддог. Хотын талбай нь Ордон хот буюу засаг захиргааны дүүрэг, сүм, дуган байрлах шашин мөргөлийн төв, худалдааны гудамж, зээл, гар үйлдвэрийн хороолол, урлангууд, хотын оршин суугчдын дүүрэг зэрэг хэсгээс бүрдэж байжээ. Ордон хот нь тусгайлж барьсан цайзат хэрэмтэй /360х404/, цэрэг дайны зорилгоор цайзын ханыг тойруулан олон цонж, цамхаг барьсан байв.

МЭ-ий 840 оны үед хот Енисейн Хиргис аймгийн довтолгоонд өртөж мөхсөн аж. Хар балгасын энэхүү дурсгалт газарт 2009 оноос Монгол - Германы Орхон экспедиц тогтмол малтлага хийж дундад эртний өвөрмөц зохион байгуулалтыг илрүүлэн судалж байна. Цайзат хэрмийн зүүн урд булан дахь барилгын чуулбар нь голдоо задгай хүрээтэй, түүний гол төв хэсэгт гүний худагтай байсныг 2018 онд олж илрүүлжээ.

Худгийг мод, чулуугаар доторлосон бөгөөд доод хэсгийн бүтэц зохион байгуулалт илүү сайн хадгалагдаж үлдсэн байна. Худгийн гүн 12 метр гүн бөгөөд ёроол хүртэл ухахад ус гарсан нь гайхалтай. Худгийн ёроолоос алтадсан төмөр цоож, дууны хөг нь алдагдаагүй том хүрэл хонх, гантиг чулуун арслангийн хугархай, ургамлын дүрсээр хээлсэн чий будагтай модон шонгийн хугархай, бүтэн ваар сав зэрэг түүхийн гэрч хосгүй үнэт олдворууд олноор гарчээ.


Монголын эзэнт гүрний үеийн /Өгэдэй хааны ”Гэгэ-чаган орд”/ хэмээх Дойтын балгас

Дойтын толгой дахь энэхүү хотын туурийг Монгол - Японы археологичид "Өгэдэй хааны Гэгэ чаган орд” мөн хэмээн тодорхойлжээ. Орчны байгаль, барилга байшингийн зохион байгуулалт аль ч талаас нь үзсэн хааны ордон байсан гэж хэлэх үндэстэй. Түүхийн зарим сурвалж ч тэмдэглэгдсэн нь нотолгоо болдог аж. Юань Улсын судрын Тайзугийн бүлэгт "Өгэдэй есдүгээр он улаан тахиа жилийн зун Цэцэг цагаан нуурт авлажээ” хэмээгээд уг ордон нь Хархорумаас умар зүг 70 аад ли зайтай байрладаг гэжээ. Мөн Рашид Аддин "Өгэдэй хаан Хархорумаас нэг өдрийн газарт ордон бариулахаар ислам мужаануудыг сонгон авчээ. Өгэдэй хаан хавар бүр Гэгээн цагаан ордны орчим харцгаар ан хийдэг байв” хэмээн өгүүлжээ. Энэ нь дээрх сурвалжийн мэдээтэй таарч буйн дээр туурийн барилга байшингийн зохион байгуулалт, хэрэглэгдэхүүн нь Хархорум хотын туурь, Өгэдэй хааны бусад ордны үлдэгдлээс олддог зүйлтэй адил болох нь тодорхой болоод байгаа аж. Археологич Х.Пэрлээ уг балгасыг шинжлэн 13 -14 зууны үед холбогдуулан үзжээ. 1996 онд ЮНЕСКО-гийн эртний Хархорум хотын туурийг хадгалан хамгаалах нь төслийн хүрээнд Монгол -, Японы археологичид ордны бүтэц зохион байгуулалтыг харуулсан өндөр нарийвчлалтай дэвсгэр зураг үйлдсэн байна.


Эрдэнэбулган сум дахь XVIII-XX зууны үеийн Халхын шашны томоохон төвүүдийн нэг Заяын хүрээ, угсаатны зүйн музей

Архангай аймгийн төв Эрдэнэбулган сум дахь Булган хайрханы өвөрт байрлах Заяын хүрээ нь 18, 19 дүгээр зууны үеийн Халхын шашны томоохон төвүүдийн нэг юм. Батмөнх даян хааны угсааны Түмэнхэн сайн ноёны хоёрдугаар хүү Бэгтэсжав 1631 онд Тамирын голын хойд биед Булган уулын өвөр, Чонотын хөндийд Агва дуган, сүм байгуулснаар Халхын Зая гэгээний хүрээний үндэс суурь тавигджээ. 1679 -1930 оны хооронд Зая бандида хутагтын зургаан дүрийн үйлс бүтээлээр өргөжин хөгжиж Халхын томоохон хүрээ хийдийн нэг болжээ. Заяын дээд хүрээнд 6 аймгийн бүгд 26 сүм дуган гэж нэрлэн тоолох боловч жижиг барилга, лам нарын сууц байшин олон байв. Заяын хүрээний Лавринг 17-р зууны эцсээр буюу 1696 онд Зая бандида хутагт Лувсанпэрэнлэй байгуулжээ. Хоёр давхар тус Лаврин сүмийг Шүтээний гурван сүм гэдэг.


 

1802 онд дөрөвдүгээр Зая бандида хутагт Лувсанжигмэддорж Сэмчун Бага ордныг байгуулжээ. Тус ордонг анх асар дээвэр бүхий гурван давхартай байгуулсан ба доод хоёр давхрыг туйпуугаар төвөд хэлбэртэй барьсан байна. Дээд давхар нь модон хийцтэй, асар дээвэртэй жижиг өрөөтэй байжээ.


Их тамир сум дахь Монгол, Түрэг, Уйгур, Түвд, Манж, Хятад зэрэг 150 гаруй хадны бичээс бүхий Тайхар чулуу

Хойд Тамирын голын хөвөөнд орших 18 метр өндөр, байгалийн үзэсгэлэнт боржин чулуун цохилгийг Тайхар чулуу хэмээнэ. Энд чулуун зэвсгийн үеийн сүүл үед холбогдох улаан зосоор зурсан тамга, тэмдэг, амьтны дүрс зэрэг хадны зураг байхаас гадна 6-13-р зууны үед холбогдох 150 гаруй бичээс хадгалагдан үлджээ. Эдгээрээс хамгийн эртний бичээс нь 6-8-р зууны Түрэгийн хаант улсын үеийн "Орхон Енисейн бичиг” буюу руни бичиг юм. Бичээсийн 70 орчим хувь нь 14-р зууны үед холбогдох монго бичиг бөгөөд согд, уйгар, кидан, нангиад, тод монгол, манж, хятад, ланк бичээсүүд байдаг байна.



Өндөр-Улаан сумын Жаргалантын ам дахь Хүрэл зэвсгийн үеийн буган хөшөө, хиргисүүрийн цогцолбор дурсгал

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Жаргалантын ам дахь хамгийн олон буган хөшөөт хүрэл зэвсгийн үеийн тахилын цогцолбор дурсгал түүхийн он тооллыг 1500 гаруй жилээр урагшуулж байна. Хангайн нуруунаас эх авсан Хануйн голын сав нутагт нүсэр том байгууламж бүхий Уртын булгийн хиргисүүр, түүний орчимд хэдэн зуугаар тоологдох тахил, тайлгын байгууламж, 30 гаруй буган хөшөө байдаг. Жаргалантын амны цогцолборыг 1960-аад оноос судалсан ба сүүлийн судалгаануудаас хоёр өөр цаг үед холбогдох хоёр төрлийн нийт 660 гаруй тахилгын байгууламж, олон тооны дагуул хиргисүүр бүхийн буган хөшөөнүүд байгаа нь тогтоогджээ. Буган хөшөөдөөс зурагт үзүүлсэн нь 389 см, 68 бугыг загварчлан чадварлаг багтаан дүрсэлснээрээ дэлхийд хамгийн олон буга дурсэлсэн, хамгийн том буган хөшөө болж байгаа ажээ.

Археологич, түүх судлаач, эрдэмтэд буган хөшөөд, тахилгын газрын олдворын эд өлгийн зүйлсийн шинжилгээний дүн Хүннү гүрнээс 2000-аад жилийн тэртээ он цагт хамаарагдахыг тогтоосон байна. Энэ нь монголчуудын түүхийг улам батжуулж баяжуулах гэрэлт ирээдүйг харуулж байгаа аж.


Гол мод-2 Хүннүгийн язгууртны булш, оршуулгын цогцолбор дурсгал

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Хүннүгийн язгууртны булш, оршуулгын цогцолбор дурсгалт газар Гол мод 2-ыг анх 2001 онд археологич доктор, профессор Д.Эрдэнэбаатар илрүүлжээ. 2002-2005 онд дурсгалт газрын дэвсгэр зургийг гаргаж, язгууртны нэгдүгээр булшны 29 дагуул булшийг малтан судалжээ. 2006-2009 онд язгууртны нэгдүгээр булшны үүдэвч болон чулуун өрлөгийн өнгөн хөрсийг хуулж цэвэрлэсэн байна.



2010 онд уг язгууртны булшны 30 дугаар дагуул булшийг малтан судалж Ромын шилэн аяга илрүүлжээ. 2017 онд 189 дүгээр булшны малтлага судалгааны ажлыг эхлүүлэн , 2018, 2019 онд БНХАУ-ын Хенан мужийн Археологийн хүрээлэн, Лоян хотын археологийн хүрээлэнтэй хамтын малтлага үргэлжүүлэн хийжээ. Гол мод 2 дурсгалт газраас олон үнэт олдворууд гарсны дотор эвэртэй, нохой биетэй хос алтан луу гарсан нь түүхийн сурвалж дахь хэд хэдэн таамгийн тайлал болж чадсан хосгүй үнэт олдвор юм.



Хүннүгийн хаан Шаньюгийн тахилын газар болох Талын гурван хэрэм

Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг хэрэмийн тал хэмээх газар 3 зэрэгцээ хэрэмт байгууламж бий. 2014-2017 онд Монгол-Хятадын хамтарсан шинжилгээний анги малтлага хийжээ. Хэрмүүдээс баруун болон дундах нь ойролцоо хэмжээтэй бол зүүн хэрэм нь харьцангуй жижиг. Баруун хэрмээс эхлэн тодорхойлбол дөрвөлжин хэлбэртэй, баруун тал 397 м, зүүн тал 430 м, хот тал нь 473 м, өмнө тал нь 480 м урттай. Тал бүрийн төвд хаалганы ором мэдэгдэнэ, хэрмийн шороон овгор 1.4 м орчим өндөр, суурь нь 15м, оройн хэсэг нь 1,7м өргөн ажээ. Хэрмийн гадуур 5,5м өргөн, 0,5 м гүн шуудуутай. Хэрмийн дотор талд 5 овгор шороон байгууламж байх ба төв хэсэгт орших нь хэмжээгээр хэмжээгээр том аж. Төвд орших шороон байгууламж нь 45х32м, тэгш өнцөгт хэлбэртэй, одоо байгаа нь 2,45м орчин өндөр байна. судлаачид малтлага судалгаанд тулгуурлан урьдчилсан байдлаар уг дурсгалын үүрэг зориулалтыг Хүннүгийн тахил тайлгын газар хэмээн үзэх санал дэвшүүлжээ.



Өлзийт сум дахь Хүннүгийн хаан Шаньюйн зуны ордон ЛУУТ ХОТ

Архангай аймгийн Өлзийт сумын нутагт Орхон голын хойд биед, Харганатын хөндий гэх газар хуучин тариан талбайн дунд эртний нэгэн хотын туурь байсныг 2017 онд Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш Т.Идэрхангай агаарын зургийн хайгуулаар анх нээн илрүүлсэн байна. Ингээд 2018, 2019, 2020 онд тус газарт археологийн тандалт судалгааг явуулж "Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичиг бүхий барилгын нүүр ваарыг түүврээр илрүүлэн олж баримтжуулалтын ажлыг гүйцэтгэсэн байна.

2020 оны зун анхны малтлага судалгааг явуулж Хүннүгийн хааны зуны орд тэр дундаа, түүхэн эх сурвалжид нэр гардаг Лунчен буюу Луут хот мөн болох талаар анхны таамгийг дэвшүүлээд байна.

Энэхүү хотын туурь нь 550х550 метр хэмжээтэй давхар хэрэмтэй, хэрэмний төв хэсэгт 250х210 метр хэмжээтэй саравчит хашаатай, саравчит хашааны төв хэсэгт хоёр том ордны суурь, мөн урд талын саравчит хашааны баруун урд хэсэгт нэг том ордны суурьтай ажээ. Түүнчлэн саравчит хашааны хойд, зүүн урд болон баруун талд илэрхий мэдэгдэх хаалгатай бөгөөд хаалга тус бүрээс төв хэсэгт орших хоёр ордон руу холбосон замтай аж. Маш сонирхолтой нь тус ордны баруун урд хэсэгт, түүний 4/1-т хүний гараар бүтээсэн усан сантай байгаа нь зориуд төлөвлөж байгуулсан тансаг ордон байсныг гэрчилнэ.



Монгол эрдэмтэн, археологичид бие даан өөрийн хөрөнгөөр түүхийн хосгүй үнэт олдвор олсны нэг том тохиолдол нь энэхүү Луут хотыг нээн илрүүлсэн явдал болж байна. Цаашид хотын туурийг нэн тэргүүнд улсын хамгаалалтад авч хашаалж, бүрэн малтаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож, хотын эх загварын үзүүлэнг жижигрүүлсэн хэлбэрээр хийх, жуулчдад хотын туурийг бүхэлд нь дээрээс нь харж болох шилэн хорготой болгох зэргээр иж бүрэн судалгааны ажлыг Монгол Улсын Шинжлэх ухааны салбарынхантайгаа бие даан хийх хүсэлтэй байгаагаа судлаачид хэлж байв.

 

Мөн эдгээр түүхэн дурсгалын газруудыг тонон дээрэмдэгчдэд ухуулахгүй байх тал дээр судлаач эрдэмтэд Ерөнхий сайдад саналаа хэлж байв. Дурсгалуудыг хамгаалахын тулд аймаг, сум, орон нутгийн иргэдийн оролцоо ч чухал байна гэдгийг Ерөнхий сайд онцолж байв.

0 сэтгэгдэл