|

СОЛОНГОС КИНОНЫ ДАМ ХОРДОЛТ ИЛЭРЧ ЭХЭЛЛЭЭ

СОЛОНГОС КИНОНЫ ДАМ ХОРДОЛТ ИЛЭРЧ ЭХЭЛЛЭЭ

 

…нэг зүйлийг хүнд байнга үзүүлээд байвал өөрийн эрхгүй дагаж хийх магадлал өндөр…

Энэтхэг улсын иргэн С.Кумар телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ юу гэж ярьсан талаар эхлээд дурьдая. Тэрбээр "Монгол Улсад нэг орны кино маш их гардаг. Нэр дурьдаад яахав, хамаагүй болохгүй байх. Монголчууд цагаан сэтгэлтэй. Цаанаа ямар ч хар буруу санадаг хүмүүс биш. Би хадам ээжийгээ тэгнэ, түүнээс өшөө авна, бага бэрийг ингэнэ гэсэн асуудал Монголд байдаггүй шүү дээ. Харин нэг зүйлийг хүнд байнга үзүүлээд байвал өөрийн эрхгүй дагаж хийх магадлал өндөр. Дам тамхидалт гэж байдаг даа. Би тамхи татдаггүй ч гэсэн татдаг хүний дэргэд зогсч байвал надад нөлөөлнө биз дээ.

Яг үүнтэй адил. Ямар кино үзэх нь хувь хүний л асуудал байх. Гэхдээ Монголд байхгүй асуудлыг үзээд байх ямар шаардлага байна аа. Байхгүй асуудлыг бий болгох аюултай шүү дээ. Энэтхэгт бол хэвлэл мэдээллийн хэрэгслийг маш сайн хянадаг. Телевизүүд гадны гэлтгүй дотоодын киногоо ч гэсэн зөвшөөрөл авч байж гаргадаг. Үүнтэй адил Монголын хэвлэл мэдээллийг хянадаг газар нь ч гэсэн энэ тал дээр сайн ажиллаасай гэж бодож байна” хэмээн ярьж байна билээ.

Гадны нэг иргэн л манай асуудлыг олж хараад, яриад байна шүү дээ. Гэтэл бид өөрсдөө яаж байна, гадны кинонуудыг ямар ч шүүлтүүргүйгээр телевизүүд гаргасаар байгаа. Тэр дундаа Солонгосын олон ангит киног баруун солгойгүй гаргадаг. Өнөөх кинонуудын ихэнх нь гэр бүлийн хэрүүл, бие биенээ үзэн ядсан, өс хонзон авсан сэдэвтэй. Хадмуудаа, бэрээ, хүргэнээ үзэн ядна. Цаашлаад том, бага бэр, хүргэнээрээ хуваагдаад, нэгийгээ чадаж, хорлож, өс хонзон санах жишээтэй. Манай Монголд тийм зүйл байдаг бил үү. Саяхныг болтол бид хүүгээ, охиноо тийм хүнтэй суулгахгүй, ийм ч ядуу, гуйлгачин гэж ханддаг байсан бил үү. Бүр нэг хэтийдсэн баян, эрх мэдэлтэй хүмүүс нь зарим тохиолдолд тийм зан араншин гаргаж байсан нь хаашаа юм гэхээс.

Гэтэл сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд юм л бол хүүхдээ тэрэнтэй ч суулгахгүй, энэнтэй ч ойртуулахгүй. Тэдний хүүхэдтэй л суувал таарна гэх байдлаар ханддаг, эрх чөлөөг нь хааж, боомилдог болж эхэллээ. Монголын кино уран бүтээлчид хүртэл өнөөх Солонгос киноны хэв маягийг дууриаж эхэллээ.

"Баян Базартай л суух байсан юм. Энэ нэг халтар юм миний охиныг жаргаахгүй” ч гэж байх шиг. Тэгээд баахан өс санасан, түүнийг цахим хуудсаараа илэрхийлсэн, баян болж байгаад бусдыг өт хорхой болгоно гэсэн бодолтой залуучууд хэт олширч эхэллээ. Арай л дунд сургуулийн хүүхдүүд "Том ах аа” гэж нэгнийгээ дуудах дээрээ тулчихаад байна. Том бэр нь бага бэрээ адалдагтай адилавтар хэрэг ч манайд гарах болсон. Дунд сургуулнйн охидууд нэгийгээ дээрэлхэж, "Үхмээр байна уу” гэж шилэн хүзүү рүү нь алгадах боллоо.

Энэ чинь Солонгос киноны нөлөө шүү дээ. Уг нь телевизийн нэвтрүүлгийн тэдэн хувийг кино эзэлнэ. Тэдэн минут сурталчилгаа явуулна. Эфирийн цагийнхаа тэдэн хувьд нь үндэсний контент гаргах ёстой гэсэн ерөнхий журам маягийн юм бий. Гэхдээ телевизүүд үүнийгээ ч дагахгүй байна. Манай улсад энэ бүхнийг хянах ёстой нэг газар байх ёстой. Яагаад ажлаа хийхгүй байна аа. Одоо Солонгос киног жаахан хязгаарлах цаг болсон юм биш үү.

…киноных нь утга санаа, үйл явдлыг шүүхгүй болохоор юу ч хамаагүй цацчихаж байна…

Дандаа л гэр бүлийн хэрүүл, хагарал, өс хонзонг харуулж байна. Ядаж тийм агуулгатай киног гаргуулахгүй байвал яадаг юм. Солонгосын олон ангит кинонууд дунд өөр сэдэвтэй, дам кинодолтод өртөөд, элдэв юм сураад байхааргүй уран бүтээл өч төчнөөн байгаа шүү дээ. Гэтэл гаргах киноных нь утга санаа, үйл явдлыг шүүхгүй болохоор юу ч хамаагүй цацчихаж байна, телевизүүд. Одоо бүр Монголын киночид гомдолтыг дэмжсэн, илт сурталчилж, харуулсан кино хийгээд, телевизээр цацах гээд байж байна. Харилцаа, холбооны зохицуулах газар нь нэгийг бодно байгаа.

Монголын мэдээ
Н.Болд

0 сэтгэгдэл