|

Д.Сарангэрэл: Монголд халгүй казиног дэмжинэ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
 
-Казиногийн тухай хуулийг урагшлуулах санал санаачилга сүүлийн үед нэлээд гарч байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Казиногийн тухай хууль хэд хэдэн парламент дамжиж яригдсан. Замынхаа дунд олон ч хүнийг хөлдөө чирсэн байдаг. Казиногийн хууль байх ёстой юу, ер нь Монголд казино байгуулах хэрэгтэй юу гэдэг дээр гишүүд болон олон нийтийн адил  болгоомжилж байна. Хамгийн гол нь казино байгууллаа гэхэд Монгол Улсын иргэдийг оруулахгүй, тоглуулахгүй байх хууль эрхзүйн орчныг маш хатуу бүрдүүлж өгөх ёстой.
 
Өнөөдөр улс орны эдийн засаг, хүмүүсийн цалин мөнгө ямар байгаа билээ. Казинод хүрэлцэхүйц мөнгөтэй хүн орж тоглодог гэж сонссон. Тиймээс их хэмжээний гэж хэлж болохоор мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд анхаарал, болгоомжтой хандах ёстой. Тэр дундаа монголчууд нэг зүйлийг сонирхохдоо шимтдэг учраас донтох аюултай  гэсэн болгоомжлол байна.
 
Хууль эрхзүйн орчноороо монголчуудыг муу үр дагавраас хамгаалах зохицуулалтыг хийгээд өгөх юм бол аялал жуулчлалыг хөгжүүлэх, улс орны эдийн засагт тодорхой хэмжээний санхүү татах чиглэлд ач холбогдолтой. Казиногийн үйл ажиллагаа эрхлэх юм бол хуулиараа 40 хувийн татвар төлөх  зохицуулалтыг төсөлд тусгасан байгаа. Тэгэхээр Монголдоо хал багатай, гадны мөнгө төгрөгтэй хүмүүс орж тоглодог, дээр нь  аялал жуулчлал хөгжиж үр шим нь Монголд төвлөрөх  зохицуулалтыг хийж өгөх юм бол Казиногийн тухай хуулийг дэмжинэ.
 
-Казино байгуулахад 35 тэрбум төгрөг төлж зөвшөөрөл авах талаар хуулийн төсөлд тусгасан байсан. Ер нь казинотой холбоотой асуудалд бусад улс орны туршлага хэр байдаг юм бол?
 
-Бүгд найрамдах Солонгос улсад Казино байдаг. Тэгэхдээ солонгосчуудыг тоглуулдаггүй. Тэгсэн мөртлөө Казиногоос ихээхэн хэмжээний хөрөнгө төвлөрүүлдэг. Онгоцны буудалд нь буухад алдартай жүжигчнээрээ казиногоо  сурталчилдагийг хүмүүс харсан байх. Гадны орны жишгийг, тэр дундаа Солонгос улсын жишиг талаас нь аваад үзвэл бид мэдэхгүй юман дээрээ гадны сайн туршлагыг судалж авч хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа хууль эрхзүй талаас нь судлах хэрэгтэй. Гэхдээ тэр туршлагаас нь Монголдоо нутагших, хөрсөнд нь буух зүйлийг авах нь зүйтэй. Зөв утгаар нь ашиглаад хуулиа гаргаад, үйлчилгээг нь явуулж чадах юм бол казино улс орны эдийн засагт нэмэр болно.
 
-Өргөдлийн байнгын хороо, Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүний хувьд Төв цэвэрлэх байгууламжийн асуудалд анхаарч судалж байна уу?
 
-Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг тойргоос сонгогдсон гишүүн гэхээс илүүтэй нийслэлчүүдийн асуудал гэж үздэг. Магадгүй улсын хэмжээний асуудал гэж хэлж болно. Монгол Улсын хүн амын 42.8 хувь нь, нийслэлчүүдийн 95.7 хувь нь Туул голоос ундаалдаг. Гэтэл Төв байгууламжаас гарч байгаа саарал ус 78 хувийн цэвэр шүүлттэй байгаа. Энэ цэвэршүүлсэн уснаас шинжилгээ хийхэд   Үндсэндээ Туул голыг бохирдуулж байгаа нэг үндэслэл нь Төв цэвэрлэх байгууламж болоод байгаа юм. Ер нь Туул голыг бохирдуулж байгаа гурван том хүчин зүйлийн нэг нь энэ цэвэрлэх байгууламж, мөн арьс ширний үйлдвэрлэл, карьерын асуудал.
 
Туул голын бохирдлыг шийдвэрлэхэд хамгийн түрүүнд цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шаардлагатай болсон. Өнгөрсөн парламентын хувьд найман тэрбум төгрөгийг засвар үйлчилгээнд нь зориулж төсөвлөсөн. Харамсалтай нь таван тэрбум төгрөг нь хоёр насос зэрэг багахан ажлын хэмжээнд гүйцэтгэгдээд үрэн таран болсон мэдээлэл байна. Тавьсан хоёр насос нь ажиллагаагүй болсон дүр зурагтай. Тийм болохоор гурван тэрбум төгрөгийг нь өгөөгүй юм билээ.
 
-Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил яг хэзээ эхлэх вэ?
 
-Улаанбаатар хотыг 600 мянган хүн амтай байхад тэр хүчин чадалд тааруулж барьсан цэвэрлэх байгууламж өнөөдөр 1.3 сая хүний ачааллыг дийлэхээ больсон. Шинээр барихаас өөр аргагүй гэдгийг мэргэжлийн хүмүүс дүгнээд тогтоолоо гаргасан. Одоо харин ажил урагштай явж байгаа гэж бодож байна. Засгийн газрын төвшинд Техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн. Сонгон шалгаруулалтын ажил явагдсан. Дээд талын өртөг нь 400 сая ам.доллар байгаа. Болж өгвөл үүнээс бага өртөгтэй мөртлөө чанартай, олон жилийн настай байгууламжийг барих ажилд Засгийн газар шуурхай орсон. Туул голыг бохирдуулж байгаа гурван том хүчин зүйлийн нэг нь болсон цэвэрлэх байгууламжийн асуудал шийдэгдэх төвшинд явж байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, энэ онд барилга байгууламжийн ажил эхэлнэ.
 
-Үндэсний хөрөнгө оруулалтын газраар дамжуулан сонгон шалгаруулалт зарласан юм билээ. Ямар компани гүйцэтгэх вэ?
 
-Би бол УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд 5648 хүний гарын үсэгтэй гомдлын мөрөөр ажиллаж байгаа хүн. Цэвэрлэх байгууламж барих тендерийн ажил Засгийн газрын хийх зүйл. Манай парламентаас өмнө цэвэрлэх байгууламжийг барих ТЭЗҮ-ийн уралдаан зарлаад хийгдсэн юм билээ. Харин Барилга хот байгуулалтын яамны сайд мэргэжлийн хүн учраас шалгарсан компаниуд шаардлага хангасан ТЭЗҮ боловсруулсан эсэхэд дүгнэлт хийж,  шахаж байгаа мэдээлэл бий.
 
Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах Их Хурлын тогтоол гарсан. Төв цэвэрлэх байгууламжийн асуудал, карьераа шийдчихвэл Туул гол аврагдана.
 
-Карьерын асуудлыг хэрхэн цэгцлэх вэ. Хайрга олборлож байгаа компаниудад ямар хариуцлага тооцох ёстой юм бол?
 
-Туул голын бохирдлын асуудлыг хөндөхдөө аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дарамт учруулсан зүйл байхгүй. Гагцхүү дээр хэлсэнчлэн Монгол Улс даяараа, нийслэлчүүдийн ундаалж байгаа усыг хамгаалах зорилт тавьсан. Тухайлбал, Барилга, зам зэрэг бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нийслэлээс 150 км-ээс багагүй зайтай, хүн амын амьдрах орчинг сүйтгэхгүй байхаар газар зөвшөөрөл өгөх чиглэлийг баримталж байгаа. Өөрөөр хэлбэл, элс хайрга олборлох газар нутгийг тусгайлан зааж өгч зөвшөөрөл олгох ёстой.
 
-Утааны асуудлаар эцэг эхчүүд жагсч, Өргөдлийн байнгын хороонд хандсан. Асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар ажлууд хийж байна вэ?
 
-Өргөдлийн байнгын хороо утааны асуудалд онцгой анхаарч байгаа. Агаарын бохирдлын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж Засгийн газар, холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн. Утаа бол өвөл болохоор хөндөөд хаядаг асуудал биш. Улс даяараа дуу хоолойгоо нэгтгэж байж үр дүнд хүрнэ. Утааг бууруулахад төрийн бодлогоос гадна иргэн бүрийн оролцоо чухал. Салбарын яам утааг бууруулах богино болон дунд хугацааны хөтөлбөрөө боловсруулаад дуусч байна.
 
Энэ асуудал хэлэлцүүлэгдээд ирэхээр үйл ажиллагаа тодорхой болох байх. Ер нь шат шатандаа боломжийн хэмжээнд ажиллаж байгаа гэж харж байна. Эцэг эхчүүдийн уриалгыг дэмжиж байгаа. Хамгийн гол нь утааг бий болгоод байгаа хүчин зүйлстэй тэмцэхэд төрийн оролцоо, бодлого шийдвэр, дэмжлэг чухал.
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

189 сэтгэгдэл