|

Бог малын тоог бууруулж, бодын тоог өсгөе

Монгол Улс бог малынхаа тоог бууруулж, бод малынхаа тоог өсгөх бодлого барьвал ямар вэ. Бэлчээрийн даац, малын ашиг шимээ бодсон ч тэр.

Өнгөрсөн оны мал тооллогын урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос арванхоёрдугаар сарын 27-нд танилцуулсан. Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улс 70 сая 949 мянга 900 толгой малтай болжээ. Ингэснээр өмнөх оноос Монголын мал 4.5 саяар өсжээ. Үүнээс адуу 4.213.800, үхэр 4.751.700, тэмээ 472.400, хонь 32.258.700, ямаа 29.253.400 болсон байна. Энэ онд таван хошуу мал тавуулаа өсөлттэй байсан байна. Өөрөөр хэлбэл, ямаа 2.1, хонь 1.7 саяар өссөн бол үхэр 378, адуу 273, тэмээ 12 мянган тоо толгойгоор өсжээ. Ийнхүү харахад Монголын сүргийн бүтцэд хонь, ямаа давамгайлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, адуу, үхэрээс тус бүр найм дахин их байгаа юм. Ямаа ч мөн ялгаагүй.

Тэгвэл бог малын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг авч үзэхэд 2019 онд Монгол Улс махны экспортоос 132.2 сая ам.доллар олсон байна. Эдгээрийн 57.7 сая ам.доллар нь адууны мах байгаа юм. Харин хонь, ямааны мах нийлээд 24.2 сая ам.долларын боруулалттай байна. Мөн 50.3 сая ма.долларын  лаазалсан махан бүтээгдэхүүн экспортолжээ.  Товчхондоо адууны махны экспортын орлого хонь, ямааны махныхаас хоёр дахин их  байгаа юм. Гэтэл нөгөө талдаа Монгол Улс сүргийн бүтцээс шалтгаалаад худалдан авагчдын сонирхол татдаг адууны махны экспортод квот тогтоодог. Үхрийнх ч мөн ялгаагүй. Мөн 30 сая шахам ямаатай гэхэд ноолуурын хувьд ч чамлахаар дүнтэй байгаа юм. Тоогоор хэлэхэд, 2019 онд Монгол Улс 283.3 сая ам.долларын угаасан ноолуур, 45.3 сая ам.долларын самнасан ноолуур экспортолсон. Энэ нь нийт экспортын 4.3 хувийг л эзэлж байгаа юм. Иймээс л Монгол Улс тооноос чанарт шилжиж, бог малынхаа тоог бууруулж, ашиг шимийг сайжруулж, бод малынхаа тоог өсгөе гэж байгаа юм. Бэлчээрийн даац ч 20 сая тоо толгойгоор хэтрээд байгаа билээ.

EAGLE.MN



0 сэтгэгдэл