|

Иргэн Б.Онон, Г.Ганчимэг нар эмнэлгүүдэд 22 сая төгрөгийн агаар цэвэршүүлэгч хандивлав

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед "Бяцхан агаар" нийтийн аяныг өрнүүлж, нийслэлийн эмнэлгүүдэд 22 сая төгрөгийн агаар цэвэршүүлэгч, шүүлтүүр бэлэглэсэн иргэн Б.Онон, Г.Ганчимэг нарыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр хүлээн авч, талархал илэрхийлэв.

Агаарын бохирдлоос үүдэн ханиад томууны гаралт нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн ийм төр, засгийг харж суух бус бусдад тус болох аяныг эхлүүлэхээр шийдсэн хэмээн "Бяцхан агаар”-ын санаачлагч Б.Онон хэллээ. Тэрбээр, "Хэдийгээр гадаа агаарын бохирдол ихтэй байгаа ч иргэд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан гэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн дотоод агаарыг хянах боломжтой. Тиймээс эмнэлгүүдийн дотоод орчныг цэвэр байлгах үүднээс агаар цэвэршүүлэгч бэлэглэхээр шийдсэн. Нийслэлийн есөн дүүргийн эмнэлгүүд, төрөх тасгууд, хүүхдийн эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгч бэлэглэхэд нийт 100 гаруй сая төгрөг шаардлагатай. Одоогоор 22 сая төгрөг цуглуулж, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эмнэлэгт агаар цэвэршүүлэгч өгсөн. Удахгүй Эх нялхас, Баянгол, Чингэлтэйн эмнэлэгт өгөхөөр төлөвлөж байгаа” хэмээв.

Хүн амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг учраас чийгтэй цэвэрлэгээ хийх,  агаар цэвэршүүлэгч тавих зэргээр дотоод орчны агаарын бохирдлоо хянах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэр тусмаа ачаалал нь хэтэрсэн хүүхдийн эмнэлгүүд, төрөх тасгуудад агаар цэвэршүүлэгч туйлын шаардлагатай байгаа юм. Тиймээс цаг үеэ олсон, нийтэд тустай аян өрнүүлж буйд БОАЖ-ын сайд талархал илэрхийлэв.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт "Бяцхан агаар” аянд нэг сарын цалингаа хандивлахаа мэдэгдсэн бол БОАЖ-ын сайд яамныхандаа уриалга гаргаж, ажилтнуудынхаа нэг өдрийн цалингаар дэм болохоо мэдэгдэв.

Ч.Ариунболд

853 сэтгэгдэл