|

Ноён Ерөнхийлөгч энэ олон жил УТААНЫ ЭСРЭГ ГАНЦААРАА ТЭМЦЖЭЭ

Ноён Ерөнхийлөгч энэ олон жил УТААНЫ ЭСРЭГ ГАНЦААРАА ТЭМЦЖЭЭМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордны Иргэний танхимд сэтгүүлчидтэй "Зангиагүй уузалт” хийлээ.

Ерөнхийлөгч "Улаанбаатарын утааг хэрхэн шийдвэрлэх вэ” сэдвээр гол яриагаа эхлэсэн бөгөөд Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэргийг цаашид хэрхэн ажиллах талаар сэтгүүлчдэд танилцуулсан юм.

Тэрбээр "Би 2009 онд Улаанбаатар хүн амьдрахад аюултай хот боллоо гэдгийг хэлж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод л хөндсөн. Энэ асуудлыг өнөөдрийнх шиг олон нийтийн анхааралд авч ирэхийн тулд ийм олон жилийг туулж байна. Манай хүмүүс агаар сийрэгжээд салхи гараад ирэхээр утаагаа мартдаг. УИХ-ыг шахаж байж 2010 онд агаарын бохирдлоос төлбөр авах хуулийг гаргасан.

Зөвхөн одоо ярьж байгаа юм биш.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг шахаж байж их утаа гаргадаг аж ахуйн нэгж, "яндан"-гаас төлбөр авдаг болгосон шүү дээ. Хэвлэл мэдээллийнхэн хүртэл тоож бичдэггүй байсан. Тоож бичдэг, утааны араас явдаг сэтгүүлч их цөөхөн байсан. Дээр нь Засгийн газар болон УИХ-д хуулийг нь санаачлах хүн байдаггүй л байсан. Би Ерөнхийлөгчийн хувьд нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах хуулийг санаачилж, 2010 онд УИХ-аар хэлэлцүүлж байсан, санаж байна уу та нар. Тэр ч битгий хэл, Үндэсний хороо байгуулах гэхээр түүнийг нь хариуцах хүн олддоггүй байсан. Сүүлдээ П.Цагаан дарга гурван жил даргаар нь ажилласан шүү дээ, санаж байна уу та бүхэн. Мартсан байх л даа. Гэтэл энэ утааны асуудал бол үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан. Ингэж хэлнэ гэдэг бол хийхийн эхлэл. Нөгөөтэйгүүр шийдвэр бол үйлдлийн эхлэл. Гэхдээ шийдвэр гаргахад улстөрчид дуртай байдаггүй юм” хэмээв

Мөн "Агаарын бохирдлын асуудалд хамгийн их анхаарал хандуулсан Ерөнхийлөгч гэж намайг Дэлхийн Байгаль орчны газраас шагнасан. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийг би анх санаачилсан. Сэтгүүлчдийг нисдэг тэргээр авч явж утааг дээрээс нь харуулж байсан. Гэр дулаалах мөнгийг Хас банкнаас иргэдэд гаргуулах ажлыг дэмжсэн. Тэгэхэд хэн ч тоож бичдэггүй л байсан ш дээ.

Гамшгийн бүсэд Ардчилал ярихгүй байя.

Утааны гамшиг бол Монголчуудын өөрсдийнх нь гаргасан гамшиг. Тиймээс бүгдээрээ утаан дээр улс төржилгүй, үндэсний эв нэгдлийг бий болгоод хамтдаа тэмцье. Би хэзээ ч Улаанбаатар сайхан хот, наашаа хүрээд ир гэж ярьж байгаагүй. Улаанбаатар ирээдүйгүй хот. Хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй, үр ашиггүй хот болсон. Тиймээс наашаа нүүж ирэх хэрэггүй” хэмээсэн юм.

Ноён Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар утааны эсрэг тэрбээр ганцаараа тэмцжээ. Харин бид огт юу ч хийгээгүй, юу ч тоогоогүйгээр барахгүй бүгдийг мартаж орхисон байна.

www.GoGo.mn сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэгийн"Ерөнхийлөгчөө таны яриад байгаа сайхан зүйлс яагаад өнөөдрийг хүртэл биелдэггүй юм бэ? гэх асуултад тэрбээр "Шүүмжлэлийг хүлээн авч байна. Гэхдээ би түрүүн хэлсэн бие биенийхээ ажлыг үгүйсгэх хэрэггүй. Айл бүхэн, хүн бүхэн утааг арилгах асуудалд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Би хатуу үг сонсож сурсан. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, иргэд агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах хэрэгтэй” гэснээс өөр оновчтой тайлбар өгсөнгүй.

Угтаа олон нийт ноён Ерөнхийлөгчийн сайхан үг яагаад үйлдэл болдоггүй тухай хамгийн их сонирхож байгаа.

Тэрбээр өөрийгөө Ардчилсан Ерөнхийлөгч хэмээн тодотгох дуртай. Тэгвэл түүнийг Ерөнхийлөгчийн албанд томилогдох үед өөрийн намыхан ч Засгийн эрх барьж байсан шүү дээ. Яг үнэндээ түүний яриад байгаа юу ч хийгээгүй, юу ч тоодоггүй бүлэг нь сэтгүүлчид, ард түмэн биш харин АН, МАН хэмээх хоёр намын ээлжлэн төр барьсан эрхмүүд юм шүү дээ.

Тэрбээр 2011 онд "2050 онд Улаанбаатарт  хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулна” гэж байсан. Гэтэл өнөөдөр "Улаанбаатар ирээдүйгүй  хот” гээд хэлж зогсоо нь жинхэнэ мартамхай хүн нь хэн бэ гэдгийг тод томруунаар харуулах шиг.

Ц.Элбэгдорж 1990 оноос хойш УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа, МУ-ын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр хоёр удаа, УИХ-ын дэд даргаар нэг удаа сонгогдож, өнгөрөгч 26 жилийн турш үргэлж төрийн дээд албуудыг хашиж иржээ.

Энэ хугацаанд түүнд Улаанбаатарын утааг арилгаад зогсохгүй Монголын эдийн засгийг хөл дээр нь босгох, Монгол Улсыг дэлхийн жишигт нийцсэн улс болгох бүрэн эрх, боломж нь байв. Гэвч тэрбээр Сүхбаатарын талбайд ярьж зогссон шигээ өнөөдөр мөн л ярьсан хэвээр. Утааны асуудлаар улс төржихгүй байхыг Ерөнхийлөгч өнөөдөр олон нийт, хэвлэл мэдээллээс гуйв. Харамсалтай нь улсын чухал асуудал дээр гэнэт дуугарч, олон нийтийг талцуулдаг хүн нь Ц.Элбэгдорж өөрөө юм. Үүнийг өнгөрөгч "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, Ц.Баярцогтын оффшор дансны хэрэг зэргээс харж болно.

Хэрэв Ерөнхийлөгч энэ удаа ярьсан зүйлээ ажил хэрэг болгож чадвал түүний бүх алдааг Монголын ард түмэн уучлахад бэлэн байна.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

152 сэтгэгдэл