|

Улсаас хэнийг, хэрхэн халамжилдаг вэ?

Халамжийн туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд улсаас тэтгэвэр, тэтгэмж олгодог. Мөн хүн амаа өсгөх бодлогоор хүүхдийн мөнгө олгох, хүүхдээ харж байгаа ээжүүдийг урамшуулах гэх мэт. Одоогоор Монгол Улсад Ахмад настны халамжийн үйлчилгээ, Хүүхдийн мөнгө, Зорилтот бүлэгт чиглэсэн тэтгэвэр тэтгэмж, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамж, Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа буюу хүнсний эрхийн бичиг, төрөлжсөн амрамжийн үйлчилгээ зэрэг халамжийн үйлчилгээ бий.

Харин сүүлийн үед Монгол Улсын халамжийн бодлого тэлж байна гэдэг шүүмжлэл ч өрнөх болсон. Азийн хөгжлийн банкнаас улс орнуудын нийгмийн хамгааллын 2009 оны мэдээлэлд тулгуурлан хамрах хүрээ, зарцуулж буй төсөв, ядуурлыг бууруулах болон бусад үр нөлөө зэрэг шалгуурын дагуу индекс бодож гаргасан байна. Ингэхэд 30 гаруй орноос Япон тэргүүлж, Монгол Улс гуравдугаар байранд оржээ. Манай хоёр улс бол эдийн засаг хүн амын хувьд тэнгэр газар шиг зөрүүтэй.

Монгол Улсын  халамжийн үйлчилгээний зардалыг мөнгөн хэмжээгээр хүргэхэд 2002 онд 17.2 тэрбум төгрөг халамжийн үйлчилгээнд зарцуулж байсан бол 2009 онд  231.1 тэрбум төгрөг  зарцуулах болж хөрөнгө 13.4 дахин нэмэгдсэн бол 2002 онд 285.1 мянган хүн хамрагдаж байсан бол 2009 онд 1542.6 мянган хүн хамрагдаж, халамж хүртэгсдийн тоо 5.4 дахин нэмэгдсэн байна. Тэгвэл энэ онд Нийгмийн даатгалын сангаас 454.7 мянган иргэн 272.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж авчээ. Ингэснээр тэтгэвэр, тэтгэмж авагчийн тоо 2018 оноос 243 мянгаар буюу 2.1 дахин дахин өссөн байна.

Ингээд Монгол Улсын халамжийн үйлчилгээ буюу улсаас хэнийг, хэрхэн халамжилдагийг сонирхуулъя.

-Олон хүүхэдтэй болон өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох, Хүн амаа өсгөх бодлоготой уялдуулан жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж өгөх.

 -Мөн төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж өгөх.

-Ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т сар бүр мөнгөн тусламж үзүүлнэ. Ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т сар бүр мөнгөн тусламжийн хэмжээ 200 000 төгрөг байна.

-Төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнчлэн улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд сард нэг удаа мөнгөн тусламж үзүүлнэ. Төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнчлэн Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд сар бүр 200,000 төгрөг олгоно.

-Монгол Улсын болон хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд хөнгөлөлт үзүүлнэ. Тодруулбал, Нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа олгох, Дотоодын рашаан сувилалд ирэх, буцах замын зардал, эрхийн бичгийн үнийг жилд нэг удаа нөхөн олгох, Орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох.

-Нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний газар тэргүүн ээлжинд үйлчлэх.

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалах, нийгэмшүүлэх, амьдрах ухаанд сургах өдрийн үйлчилгээ.

Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээ буюу төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаагүй, бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй байнгын асаргаа шаардлагатай иргэнд гэрт нь асрамж, халамж үзүүлэх зорилгоор иргэн, ААН, ТББ халамжийн үйлчилгээний байгууллага гэрээ байгуулан төлбөртэй болон төлбөргүйгээр үзүүлдэг үйлчилгээ.

-Түр байрлуулан асрамжлах үйлчилгээ нь хохирогчийг хүлээн авснаас эхлэн 1 долоо хоногоос 3 сар хүртэлх хугацаанд тусламж үйлчилгээ үзүүлнэ.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг тодорхой хугацаагаар байрлуулж хохирогчид хэрэгцээтэй мэдээлэл, эрх зүйн болон бусад зөвлөгөө өгөх, сэтгэхүй нь түр хямарсан үед эмчилгээ хийх сэргээн засах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

Нийгэм эдийн засгийн өөрчлөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан 2015 оны Хүнсний эрхийн бичгийн үнийг нэмэгдүүлж, хүүхдэд 6500, том хүнд 13000 төгрөгөөр олгодог. Төлөвлөлтийг оруулан нэгтгэн харвал 8534 ахмад настныг хамруулжээ.

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн цэцэрлэг сургуульд ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа хөнгөлөх, эсхүл автобусаар үйлчлэх, Эмчилгээ, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөдөлмөрийн чадвараа 50 түүнээс дээш хувиар алдсан иргэн дотоодын рашаан сувилалд сувилуулбал нэг талын унааны зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгох.

-18 насанд хүрсэн бүрэн хараагүй иргэний харилцаа, холбооны зардалд хөнгөлөлт үзүүлнэ.

-Нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд нэг талын унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгоно. 

-Бүрэн хараагүй хүн эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчих шаардлагатай болвол ирж буцах унааны зардлын 75 хувийг жилд нэг удаа нөхөн олгоно.

-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгалын сангаас протез, ортопедийн хэрэгсэл сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезийн үнийг 3 жил тутам нэг удаа, ортопед тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийн үнийг 3 жил тутам нэг удаа нөхөн олгох

-Хараагүй хүний брайлын үсгээр бичсэн захидал, ил захидал, брайль хэвлэл 10 хүртэлх илгээмжийг дотоодод үнэ төлбөргүй явуулж, хараагүй хүний зориулалттай техник, тоног төхөөрөмж, материал хэрэгслийг дотоодод үнэ төлбөргүй хүргүүлнэ.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа олгоно.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ноогдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно.

-Бүрэн хараагүй, хэлгүй, дүлий одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад жилд нэг удаа мөнгөн тусламж олгох.

ЭХ СУРВАЛЖ:EAGLENEWS.MN

http://eagle.mn/r/66701

0 сэтгэгдэл