Архангай аймаг дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл аймгийн Цагдаагийн газартай хамтран "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, сум, орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнөөр хуулийн хийдэл, малын хулгайн шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тайланд 2019 оны эхний есөн сарын байдлаар хулгайлах гэмт хэрэг 7697 бүртгэгдсэнээс 1269 нь малын хулгайн гэмт хэрэг байна. Малын хулгайн нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 124 нэгж буюу 9,7 хувь нь Архангай аймагтай холбоотой. Тус аймаг малын хулгайн гэмт хэргийн өсөлтөөр улсын хэмжээнд Хэнтий, Төв аймгуудын араас ордог байна. Аймгийн хэмжээнд Цэнхэр, Эрдэнэбулган, Булган зэрэг урд талын сумдад малын хулгайн хэргийн гаралт их байдаг нь судалгаанаас харагдана.
Зөвлөгөөн дээр малын хулгайн гэмт хэргийг бууруулахын тулд эрүүгийн хуулийн зүйл заалтыг өөрчлөх, түүнчлэн хувийн өмч болсон мал сүргийнхээ хариулгад малчид өөрсдөө хариуцлагатай хандахыг хуулийн байгууллагаас анхааруулж байлаа.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн мөрөөр хэрхэн ажиллаж байгаагаа малчдад мэдэгддэггүй, эргэх холбоогүй ажилладаг нь малаа алдсан иргэдийн хувьд цөхрөл болдгийг хэлж байв. Харин Цагдаагийн байгууллагаас өөр байр суурийг илэрхийлж байв. Ажиллах хүчний дутагдал, техникийн хүчин чадлаас болоод малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт удаашралтай, мөн хуулийн заалтаас болоод малын хулгайчдад хүлээлгэх хариуцлага сул байгаа талаар тайлбарласан юм.
Малын хулгайч нарын үйлдэл нарийсахын хирээр төрийн хамгаалалтын механизмыг боловсронгуй болгох шаардлагатайг энэ зөвлөгөөнөөр хөндөв.
"Урт гартнуудад” үйлчилдэггүй, одоогийн мөрдөгдөж Эрүүгийн хуулийн зүйл заалтыг өөрчлөхөөр Г.Тэмүүлэн, З.Нарантуяа нарын УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг зөвлөгөөнд оролцогчид дэмжиж байлаа. Түүнчлэн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс энэ төрлийн гэмт хэргийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ажиллах ажээ.
0 сэтгэгдэл