Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь эрүүгийн 46 хэрэг, иргэний20 хэрэг, зөрчлийн 10 хэрэг, нийт 76 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 10-р сар хүртэл 239 хэрэг хүлээн авснаас 13 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, 204 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргүүдийн ихэнх хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 56 хувь, мал хулгайлах гэмт хэрэг 14 хувь, хулгайлах гэмт хэрэг 5 хувь, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг 4 хувь, үлдэх хувийг бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна. Гэмт хэргийн улмаас 259 хүнд ял шийтгэл оногдуулжээ.
Харин сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 726 нэхэмжлэл хүлээн авснаас 59 нэхэмжлэлийг буцааж, 580 хэргийг хянан шийдвэрлэжээ. Нийт хянан шийдвэрлэсэн хэргүүдээс Иргэдийн худалдах худалдан авах гэрээ, иргэд хоорондын зээлийн гэрээ зэрэг маргааны төрлийн шаардлага бүхий хэрэг 16 хувь буюу 93, бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох, хамтын амьдралтай байсныг тогтоолгох зэрэг хүсэлтэй хэрэг 78.4 хувь буюу 455, Гэр бүлийн тухай хуулийн маргаан 8.3 хувь буюу 48 байна.
0 сэтгэгдэл