|

Төгсөх ангийн сурагчдад орон нутагт эрэлттэй мэргэжлийн талаар сургалт, мэдээлэл өгөв

Төгсөх ангийн сурагчдад орон нутагт эрэлттэй мэргэжлийн талаар сургалт, мэдээлэл өгөв

"Мэргэжил сонголт ба бидний ирээдүй" сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг анх удаа аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн ивээл дор энэ сарын 16-ндаймгийн ЗДТГ-ынхурлын танхимд зохион байгууллаа.



Сургалт, хэлэлцүүлэг нь Архангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн боловсролын салбарын хөгжлийн бодлого зорилтууд болон "Хэрэглэгчээс–Үйлдвэрлэгч аймаг” болох бодлогын хүрээнд хүүхэд залууст нөлөөлөх, мэргэжлээ сонгохдоо орон нутгийн хөгжлийн ирээдүйг харах боломжтой мэдээллээр хангах, орон нутгийнхаа хөгжилд тэдний оруулах хувь нэмэр, үнэлэмжийг дээшлүүлэх, хөнгөн аж үйлдвэрийн салбарын мэргэжилтний эрэлт хэрэгцээг таниулан ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан "Бид Архангай аймгийг "Хэрэглэгч аймгаас-Үйлдвэрлэгч аймаг” болгох зорилго тавин ажиллаж ноос, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах ажлыг эхлүүлсэн. Мөн тус үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн болон аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах зориулалтаар "Архангайд үйлдвэрлэв худалдааны төв”-ийг ашиглалтад оруулаад байна. Мөн өнгөрсөн оноос "Өрх бүр үйлдвэрлэгч” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.


Дээрх үйлдвэрүүд байгуулагдаж бүрэн хүчин чадлаараа ажиллахад мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Аймаг орон нутагтаа бүх мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэж чадахгүй учраас Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү эдийн засгийн их сургуулиуд болон Монголын Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллахаар өнөөдрийн арга хэмжээг эхлэл болгон зохион байгуулж байна” гэж онцоллоо.


 

 

Хэлэлцүүлгийг Боловсрол, соёл, урлагийн газар, Монголын Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, ШУТИСургууль, ХААИС, Санхүү эдийн засгийн их сургууль хамтран зохион байгуулсан байна. Сургалтад аймгийн төвийн болон сумдын ЕБС-ын 12-р ангийн сурагчдын төлөөлөл, ЕБС-ийн захирал нарын 270 гаруй хүн оролцов.


0 сэтгэгдэл