Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл нийт сумдын 58 хувьд, амбулаторийн үзлэгийн 15 хувиас дээш гарч, өвчлөгсдийн 73,6 хувийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Энэ сарын 15-ны байдлаар 67 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 95 хувийг 0-4 насны хүүхэд эзэлж байгаа аж.
Ийм учраас аймгийн Эрүүл мэндийн газраас өмчийн хэлбэр харгалзахгүй бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, олон нийтийг хамарсан ажил, арга хэмжээг зохион байгуулахыг хориглох тухай хүсэлтийг аймгийн Засаг даргад ирүүлсэн байна.
Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-аас өчигдөр /2019.01.16/ 16.00 цагт сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзаж, санал авч, ярилцаад, хурлаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2019 оны нэгдүгээр сарын 21-нээс хоёрдугаар сарын 08-ныг дуусталх хугацаанд түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхдээ гэрээр асрах, хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарт 3-5 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгохыг бүх шатны төрийн байгууллагын дарга нарт үүрэг болгосон байна. Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан 2019 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан, хурал, зөвлөгөөн, спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулж, давтлага, дугуйлан секц хичээллүүлэхгүй байх шийдвэр гаргав.
1 сэтгэгдэл