АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш өнгөрсөн Баасан гарагт 94 насандаа таалал төгссөн байна.
Тэр 1989-1993 онуудад АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан бөгөөд 1981-1989 онд ерөнхийлөгч Рональд Рейганы засаг захиргаанд дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Нэг удаа сонгогдож ажиллахдаа гадаад бодлогын чухал алхмуудыг хийсэн ч дотоод эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байснаас тэр дахин сонгогдоогүй юм.
Жорж Буш 1991 онд Кувейтыг Иракын түрэмгийллээс чөлөөлөх Цөлийн Шуурга ажиллаагааг эхлүүлж байсан. Энэ ажиллагааны үр дүнд 2003 онд Персийн булангийн хоёрдугаар дайн буюу Иракийн дайн эхэлж, Саддам Хусейны дэглэмийг унагаж байжээ.
Буш 1991 оны долдугаар сарын 31-нд стратегийн зэвсэглэлийг бууруулах гэрээг ЗХУ-ын ерөнхийлөгч Михайл Горбачевтай хамт баталж байв.
Мөн 1989 онд Панамын дарангуйлагч Мануэл Норегаг зайлуулах "Just Cause” ажиллагааг зохион байгуулж байжээ.
1924 онд Массачусетст төрж, Коннектикутад өссөн Жорж Херберт Уолкер Буш дэлхийн хоёрдугаар дайнд нисгэгчээр оролцож, япончууд 1944 онд онгоцыг нь унагаж байв. 1945 онд тэр 18 настай Барбара Пиерстэй гэрлэж, зургаан хүүхдийн эцэг болжээ.
Техаст газрын тосны бизнес хийж 40 насандаа саятан болсон Жорж Буш 1964 онд анх улс төрд хөл тавьсан юм. 2001 онд түүний хүү "бага” Буш АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож, хоёр бүрэн эрхийн хугацааг Цагаан ордонд өнгөрүүлж байжээ.
Ерөнхийлөгч асны шарилыг Техасаас Вашингтонд ирүүлж, Капитолын ордонд байрлуулах юм. Арванхоёрдугаар сарын 5-нд буюу Лхагва гарагт америкчууд түүнтэй салах ёс гүйцэтгэж, энэ өдрийг үндэсний гашуудлын өдөр болгох гэнэ. Уг ажиллагаанд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтайн хамт оролцохоор болжээ.
Үүний дараа Жорж Бушийн шарилыг долоон сарын өмнө нас барсан эхнэр Барбара Бушийнх нь шарилын дэргэд Техасын ерөнхийлөгчийн номын санд оршуулах юм.
Эх сурвалж: BBC
0 сэтгэгдэл