Улирч буй 2017 он хүн төрөлхтний түүхэнд ямар ул мөрөө үлдээв гэдгийг эргэн харахад нэн сонирхолтой. 2017 он дэлхий дахинд тийм ч амар амгалан жил байсангүй. Ойрхи Дорнодод алан хядагчидтай хийсэн тэмцэл амжилт олж, Исламын улс бүлэглэлийг бут цохилоо. Үүгээр Ирак, Сири дэх иргэний дайн дуусгавар болж байна. Гэсэн хэдий ч Азид тэр дундаа БНАСАУ цөмийн туршилтаа идэвхтэй үргэлжлүүлсэн нь бүс нутагт сөргөлдөөн улам лавшрах шалтгаан болов.
НҮБ 2017 оныг "Тогтвортой аялал жуулчлалын жил”-ээр зарласан бол анхаарал татсан асуудлын нэг нь АНУ-ын шинэ Ерөнхийлөгч тангарагаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн явдал байв. Түүнчлэн Францад Ерөнхийлөгчийн сонгууль, Германд парламентын сонгууль болж өнгөрөв.
Харин урлаг соёлын салбарт Каннын их наадам, Орос орон 1917 оны Октябрийн хувьсгалын 100 жилийн ойтойгоо золгосон гэхчлэн нэрлэж болно. ZALUU,COM сайт 2017 онд дэлхий нийтэд болсон томоохон үйл явдлыг сар сараар нь хүргэж байна.
Нэгдүгээр сард:
-Европын холбооны 12 улс анхны нэгдсэн валют евро-д шилжин орсны 15 жилийн ой тохиов. Евро нь тус тивийн 19 орны албан ёсны мөнгөн тэмдэгт болдог төдийгүй Европын 9 орны үндэсний валют болдогоороо онцлогтой. Өөрөөр хэлбэл 340 сая европчуудын хэрэглэдэг мөнгөн тэмдэгт юм.
-Мальта улс Европын холбоог тэргүүлэхээр болов. Тус улс холбооны дотоод сунгаагаар Европын холбооны Зөвлөлийг хагас жилийн хугацаагаар тэргүүлсэн юм. Шинэ тэргүүлэгчдийн хувьд цагаачлалын асуудлыг хамгийн эхэнд шийдвэрлэхээр зорьж байгаагаа мэдэгдэж байв.
-АНУ-ын Лос-Анжелес хотод "Алтан бөмбөрцөг” гардуулах 74 дэх удаагийн ёслол болж өнгөрлөө. Кино ба телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол The Beverly Hillton зочид буудалд зохиогдсон бөгөөд ёслолын арга хэмжээг инээдмийн жүжигчин, хөтлөгч Жимми Фэллон хөтөлсөн юм. "Алтан бөмбөрцөг” 2017 наадмын хамгийн гол шагнал болох "Шилдэг утга уянгын кино" төрөлд "Moonlight", "Hell or High Water", "Lion", "Manchester by the Sea", "Hacksaw Ridge" зэрэг бүтээлүүд өрсөлдсөн.
- Давост дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт боллоо. Анх 1974 онд дэлхийн орнуудын удирдагчид Давост цугларч чуулж байсан бол 1976 оноос эхлэн энэ уулзалт гишүүн орнуудын хэмжээнд тогтмол зохиогддог болжээ. Эдийн засгийн дээд хэмжээний уулзалтад манай улс тогтмол оролцсоор ирсэн.
-Мөн сарын 20-нд АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Тэрбээр ялалт байгуулахад шаардлагатай 270 саналаас илүү буюу 276 санал авснаар тус улсыг ирэх дөрвөн жил удирдахаар болсон юм. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп "АНУ-ын Ерөнхийлөгчийн эрх үүргийг нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлэхээ, мөн АНУ-ын Үндсэн хуулийг сахин мөрдөж, бүх л хүч чадлаараа хамгаалахаа би тангараглаж байна” гэж ххэмээн тангарагласнаар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ арга хэмжээнд 1600 орчим зочин уригдан оролцжээ.
Хоёрдугаар сард:
-АНУ-д орон сууцны ипотекийн хямрал тохиосноос хойш 10 жил өнгөрлөө. 2007-2008 онд АНУ-д болсон орон сууцны ипотекийн зээлийн эрсдэл өссөөр хямрал болж улмаар энэ нь дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал болж хувирсан юм.
-Европын холбооны дээд хэмжээний уулзалт анх удаа Их Британийн оролцоогүйгээр зохиогдов. Бельгийн Валетт хотод Европын холбооны орнуудын дээд хэмжээний уулзалт болж Brexit /Их Британи Европын холбооноос гарах/-ийн асуудлаар яриа хэлцэл өрнүүлсэн юм. Үүний урьд Братислав хотод Европын холбооны 27 орны удирдагч нар албан бус уулзалт хийж байсан бөгөөд эдгээр уулзалтад Их Британи улс оролцоогүй юм.
-Нэгдсэн Европын тухай Маастрихтын хэлэлцээрийн 25 жилийн ой тохиов. 1992 оны хоёрдугаар сард Нидерландын Маастрихт хотноо Европын хамтын нөхөрлөлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Европын холбооны үндэс суурь болсон юм. Энэхүү гэрээнд тухайн үед Бельги, Их Британи, , Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Люксембург, Нидерланд, Португаль, Франц болон ХБНГУ гарын үсэг зуржээ.
-Берлины кино наадмын өдрүүд уламжлал ёсоор явагдлаа.
-Грэммийн шагнал гардуулах 59 дэх удаагийн ёслол болов.
-Лондонгийн Fashion week зохиогдов.
-Туркмений Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөв. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар 59 настай Гурбангулы Бердымухаммедов дахин сонгогджээ. Ийнхүү тэрбээр тус улсын Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа дахин сонгогдож байгаа нь энэ юм.
-Бразилийн алдарт карнавал Рио-де-Жанейро хотод уламжлал ёсоор болов. Дэлхий даяар ихэд алдаршсан энэхүү багт наадам хоёр өдөр үргэлжилдэг. Хэсэг бүртээ 3000-5000 хүн бүхий наадмын бүжигчид 88 500 орчим үзэгчдийн урдуур 800 м-ийн урт манежаар явж өнгөрдөг. Энэхүү баяр хоёр өдрийн турш өдөрт 10 цаг үргэлжилдэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид олноороо зорин очдог.
-Мөн сарын 26-нд алдарт Оскарийн шагнал гардуулах 89 дэх удаагийн ёслол боллоо.
Гуравдугаар сард:
- Нидерландад парламентын сонгууль явагдав.
-Женевийн олон улсын авто салон нээгдсэн.
-Сирид бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж иргэний дайн дэгдсэнээс хойшхи 6 жилийн ой тохиов. 2011 оны гуравдугаар сард эхэлсэн "Арабын хавар”-ын шууд нөлөөгөөр Сирид иргэний дайн дэгдсэн юм. "Арабын хавар”-ын фонон дээр засгийн газраа эсэрэгүүцсэн жагсаал тэмцэл эцэстээ иргэний дайн болон өргөжиж, тус улс нутаг орныхоо нэлээд хэсгийг Исламын улс бүлэглэлийн хяналтад алдаж байсан дайн энэ жил дуусч байна.
- Брюссельд 34 хүний аминд хүрч 340 гаруй хүн шархдаж бэртсэн алан хядах халдлагаас хойш нэг жил өнгөрөв. 2016 оны гуравдугаар сард алан хядагчид Брюсселийн нисэх онгоцны буудал болон метроны «Малбек» өртөөнд тэсрэх бөмбөг дэлбэлж, үүний уршгаар олон арван хүний амь үрэгдсэн бөгөөд үүний хариуцлагыг "Исламын улс” бүлэглэл хүлээж байв.
Дөрөвдүгээр сард:
-"Панамын архив”-ын баримт бичгүүд ил тод болсноос хойш нэг жил өнгөрөв. Дэлхийн дахины хэвлэл, мэдээллийн хэрэгсэл орчин үеийн эрэн сурвалжлах түүхэнд хамгийн томоохон нууцлагдсан мэдээллийг 4 дүгээр сарын 3-ны өдөр ил болгосон нь "Панамын баримтууд” (Panama papers) байв. Энэхүү материалуудад нийтдээ 214.488 компани, траст, сангуудын нэр дурдагдсан бөгөөд энэ дунд Монголоос цөөнгүй нэр байгаа гэсэн мэдээлэл байдаг.
-Францад Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат болж өнгөрөв. Эхний шатны санал хураалтад "Урагшаа” хөдөлгөөнөөс нэр дэвшигч Эммануэль Макрон хамгийн өндөр санал авсан юм. Харин Үндэсний фронт намын дарга Марин Ле Пен хоёрдугаарт орсноор хоёрдугаар шатанд тунаж үлдсэн байна.
-Бостоны уламжлалт марофон зохиогдов.
-Энэ сард мөн Хятад болон ОХУ-д «Формулы-1» -ийн гран-при болов
-Олон улсын Эсперанто хэлийг зохиогч Л. Заменхоф таалал төгссөн 100 жил тохиожээ. Польш гаралтай эрдэмтэн, хэл судлаач Л. Заменхоф олон улсын харилцааны Эсперанто хэлийг анх зохиосон бөгөөд энэ хэлийг дэлхий нийтийн дундын хэл хэмээн нэрлэж байсан юм.
Тавдугаар сард:
-Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Герман Францын тоглолт болов
-Францын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болж өнгөрөв. Франц улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Эммануэль Макрон ялалт байгууллаа. Тэрбээр 66 хувийн санал, харин өрсөлдөгч Марин Ле Пен 34 хувийн санал авсан юм. 39 настай Эммануэль Макрон Франц улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч юм.
-Баку хотод исламын эв санааны нэгдлийн тоглолт болжээ.
-Олон улсын Каннын кино наадмын 70 жилийн ой тохиов. Францын далайн эргийн үзэсгэлэнт Канн хотноо болдог олон улсын кино их наадам дэлхийд хамгийн алдартай нь бөгөөд 1946 оноос энд дэлхийн шилдэг киночид цуглардаг. Каннын наадмыг "А зэрэглэлийн фестиваль” хэмээн нэрлэдэг.
-Иранд Ерөнхийлөгчийн сонгууль болов. Ираны Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар хоёр удаа сонгогдож болдог. Энэ жил болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Хасан Рухани дахин сонгогдов. Тэрбээр 2013 оноос Ираны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэрбээр Исламын Бүгд найрамдах намаас нэр дэвшин өосөлджээ.
-Италид Их долоогийн /G-7/ дээд хэмжээний уулзалт болов
-Тавдугаар сард олон улсын тамхины эсрэг өдөр тохиодог.
Зургадугаар сард:
- Казахстаны нийслэл Астана хотод олон улсын Expo 2017 үзэсгэлэн нээгдлээ.
-Бордод нээгдсэн дарсны музейд Гүрж улс анхны зочноор уригджээ
-Синайн хойгт болсон 6 өдрийн тулааны 5 жилийн ой тохиов. Ойрхи Дорнод Египитийн Синайн хойгт болсон зургаан өдрийн тулалдаан гэдэг нь 1967 оны зургадугар сарын 5-10-ны өдрүүдэд үргэлжсэн бөгөөд энэ байлдаанд нэг талаас Израиль нөгөө талаас Египит, Сири, Иордан, Ирак болон Алжир улс оролцож байжээ.
-Дэлхийн хоёрдугаар дайны дараа эвэдэрч сүйрсэн Европыг сэргээн босгох алдарт "Маршаллын төлөвлөгөө”-ний 70 жилийн ой тохиов. Дэлхийн II дайны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Маршаллын дэвшүүлж байсан дайны улмаас хүчтэй хохирол амссан Европын улс, орнуудад туслах АНУ-ын төлөвлөгөө ийм нэртэй байв. 1948 онд АНУ-ын их хэмжээний хөрөнгө оруулалт хийж Европын эдийн засаг, худалдаа наймаа болон дэд бүтцийг нөхөн сэргээхэд ихээхэн тус хүргэсэн юм. Энэ төлөвлөгөөний ачаар дайны дараахь Баруун Герман хөгжингүй гүрнүүдийн нэг болж, Их Британи, Франц улс багагүй ашиг тус хүртсэн байдаг.
-Энэ сарын 11-18-ны өдрүүдэд Францад парламентын сонгууль болж өнгөрчээ.
-Зургадугаар сарын 23-нд Их Британичууд Европын холбооноос гарах санал өгснөөс хойш нэг жил өнгөрлөө.
Долоодугаар сард:
- Дугуйн «Тур де Франс» уралдаан Дюссельдорф хотоос эхлэв
-Эстони Европын холбоог тэргүүлж эхэллээ.
-Их Британи Хонгконгийг Хятадад эргүүлэн өгснөөс хойш 20 жил өнгөрлөө.
-Германы Гамбург хотод Их-20-ын дээд хэмжээний уулзалт болж өндөрлөв.
- Брюссельд болсон НАТО-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп оролцов. Энэ үеэрээ Ерөнхийлөгч Д.Трамп НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй уулзаж, НАТО-гийн гишүүн орнуудын үүрэг санхүүжилтийн талаар ярилцжээ. Түүнээс гадна Украины зүүн нутагт хэрхэн энхийг сахиулж тайван замаар асуудлыг шийдэх талаар санал бодлоо солилцжээ.
Наймдугаар сард:
-Алдарт дуучин Элвис Пресли насан эцэслэснээс хойш 40 жил өнгөрч байна.
- Венецийн олон улсын их наадам наймдугаар сарын 30-нд эхэлж эхэлж есдүгээр сарын 9 хүртэл үргэлжлэв. Италийн дарангуйлагч асан Бенито Муссолини 1932 онд анх санаачилсан олон улсын энэ их наадмын гол шагнал нь "Алтан арслан” юм.
-Наймдугаар сарын 31-нд Их Британийн Диана гүнж Парижид амиа алдсанаас хойш 20 жил өнгөрчээ.
Есдүгээр сард:
-Олон улсын олимпийн хороо Лима хотод хуралдаж 2024 онд болох зуны 33 дугаар олимпийн тоглолтыг Францын Париж хотод зохион байгуулахаар шийдвэрлэв.
-Энэ сарын 15-19-ны өдрүүдэд Лондоны Fashion week загварын долоо хоног болов.
-Германид парламентын сонгууль болов. Сонгуульд канцлер Ангела Меркелийн тэргүүлсэн Христын Ардчлсан намын эвсэл олонхийн санал авч ялав. Тус эвсэл парламентад 200 судал авчээ.
Аравдугаар сард:
- Стокгольм хотод физик, хими, анагаах ухаан, эдийн засаг, утга зохиолын салбарт 2017 оны Нобелийн шагнал хүртэгсдийн нэрсийг зарлав. Мөн Нобелийн энхтайвны шагналын эзнийг Норвегийн Осло хотод зарласан юм.
- АНУ-ын Лас Вегасын "Мандалая Бэй” цамхаг зочид буудлын ойролцоо болж байсан хөгжмийн наадмын үеэр 64 настай Степен Паддок хэмээх эр зочид буудлын 32 давхраас үзэгчид рүү гал нээж 50 хүн амь насыг бүрэлгэв. Мөн энэ үеэр 200 хүн бэртжээ. АНУ-ын унаган эр, саятан Паддок гэгч чухам ямар шалтгааны улмаас ийн гэнэтийн халдлага үйлдэх болсон нь өөртэй нь хамт нууц хэвээр үлджээ.
- Франкфурт хотод олон улсын номын үзэсгэлэн х яармаг нээгдэв.
Арваннэгдүгээр сард:
-Чилид Ерөнхийлөгчийн сонгууль болов. Ерөнхийлөгчид нэр дэвшиж өрсөлдсөн 8 нэр дэвшигчээс Себастьян Пиньера 54,7 хувийн саналаар ялалт байгууллаа. Тэрбээр 2010-2014 онд тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ Атакамын цөл дэх Сан Хосе уурхайн 700 м-ийн гүнд түгжигдсэн 33 уурхайчны амь насыг аврах ажиллагааг зохион байгуулж дэлхий нийтэд танигдаж байсан нэгэн юм.
-Октябрийн хувьсгалын 100 жилийн ой тохиолоо. Ажилчин тариачны энэ хувьсгал нь дэлхийн гүрнийг социалист, капиталист гэсэн хоёр лагерьт хувааж, дэлхийн геополитикийг үндсээр нь өөрчилсөн юм. Орос оронд энэ ойг тодорхой хэмжээд тэмдэглэн өнгөрүүллээ.
-Алдарт эрдэмтэн Марии Кюригийн 15 жилийн ой тохиов. Польш гаралтай энэ алдарт эрдэмтэн Нобелийн шагналыг физик, хими гэсэн шинжлэх ухааны хоёр салбарт хийсэн судалгаагаараа хоёр удаа хүртэж байжээ.
Арванхоёрдугаар сард:
-Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн сонгууль болов. Тус улсын Ерөнхийлөгчийн 19 дэх улаагийн энэ сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Мүүн Жэ Ин өрсөлдөгч нараасаа илт давуугаар ялалт байгуулсан юм.
Бэлтгэсэн: П.Булган
Залуу ком
33 сэтгэгдэл