|

ШИНЭЭР ТОМИЛОГДОХ ЭЛЧИН САЙДУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ

ШИНЭЭР ТОМИЛОГДОХ ЭЛЧИН САЙДУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар зарим Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, Франц, Швейцарь, Канад, Герман, Япон, АНУ-д суух элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэв.

Эдгээр улсууд бол манай оронтой нягт холбоотой ажилладаг гуравдагч хөршийн улс орнууд.  Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ өдрүүдэд гуравдагч хөршийн эдгээр орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллах тэдний үүрэг оролцоо чухал үүрэгтэй гэдгийг гишүүдийн зүгээс сануулж байв. Мэдээж "уламжлал ёсоор” дипломат албаны нэр хүндийг өндөрт өргөж яваарай, эргэх холбоо сайтай ажиллаарай гэсэн захиасаа гишүүд мартсангүй. Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд хариуцлагагүй ажиллавал эргүүлэн татна гэдгийг мэдэгдлээ. Ийнхүү байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар элчин сайд нарын томилгоог дэмжлээ. Гишүүдийн дэмжлэгийн хүлээсэн тэдний хэн нь хэн бэ?

Уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийднэ.

Ховдын А.Баттөр

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад сарын хугацаа үлдлээ. Иймээс Ерөнхийлөгч өнгөрсөн жилүүдэд өөрт нь үнэнчээр зөвлөхүүддээ элчин сайдын суудлыг "бэлэглэв”.  Төрийн тэргүүний хишгийг хүртсэн эхний хүн бол Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр. Түүнийг Франц улсад суух Элчин сайдаар томилох нь.

Тэрбээр 1965 онд Ховд аймагт төрсөн, Ардчилсан намын гишүүн.  Эдийн засагч мэргэжилтэй хүн юм байна. 2012 оноос Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байсан хүн юм.
А.Баттөр нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Шинэ Зеландад Викторийн их сургууль, Бельгийн Вант улсад Европын стратеги, Олон улсын харилцааны төвийг төгссөн. Хөгжлийн ухааны магистр цолтой. ГХЯ-нд атташе, Франц улс дахь ЭСЯ-нд соёлын атташе, ЮНЕСКО-гийн Байнгын төлөөлөгчийн газарт дипломат ажилтан, ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал, 1998-2000 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн сайд, 2004-2006 онд Гадаад хэргийн дэд сайд, 2008 оноос Монгол Улсаас БЕНЕЛЮКС-ийн орнууд, Европын хамтын нийгэмлэгт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.

 Сайд асан Л.Пүрэвсүрэн

Ерөнхийлөгчийн хайр хишгийг хүртсэн дараагийн хүн бол Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн. Түүнийг Швейцарь улсад суух Элчин сайдаар томилох санал оруулж ирсэн нь байнгын хороогоор дэмжигдсэн юм. Шийдлийн Засгийн газарт Гадаад хэргийн сайд хийж байв. Үүнээс өмнө Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан байна. 

Л.Пүрэвсүрэн нь 1989-2009 онуудад Монгол Улсын дипломат албанд ажиллаж байсан бөгөөд 2009 оноос  Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа юм.Тодруулбал, 1964 онд Говь-Алтай аймагт төрсөн. 1989 онд Москвагийн ОУХДС-ийг Баруун Европ судлалын чиглэлээр төгссөн. 1989-1991 онд ГХЯ-ны Захиргааны хэлтэст атташе 1991-1993 онд Улаанбаатар дахь Германы ЭСЯ-нд орчуулагч 1993-1995 онд ГХЯ-ны Европ, Америкийн газарт атташе 1995-2000 онд Бонн дахь ЭСЯ-нд Хоёр болон Нэгдүгээр нарийн бичгийн дарга 2000-2009 онд ГХЯ-ны Европын газарт Нэгдүгээр нарийн бичгийн дарга болон зөвлөхөөр ажилласан. Л.Пүрэвсүрэн 1993 онд ХБНГУ-ын ГХЯ-ны дэргэдэх Зүүн Европ болон Төв Азийн залуу дипломатуудад зориулсан дамжаа, 2000-2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Викториа их сургууль, 2003 онд АНУ-ын Хавай дахь Аюулгүй байдлын асуудлаарх Ази, Номхон далайн төв зэрэг газруудад гадаад харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү Н.Чимгүүндарь

Ерөнхий сайд зургаан зөвлөхтэй. Тэдний нэг нь Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь. Түүнийг Канад улсад суух Элчин сайдаар томилуулах санал оруулж иржээ. Түүний талаар албан мэдээлэл ховор ч баттай эх сурвалжийн мэдээллээр Н.Чимгүүндарь нь УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү аж.  Тэрбээр өмнө нь 2008-2012 онд МАН-ыг Засгийн эрх барьж байх үед Парис хотноо консулаар томилогдон ажиллаж байсан аж.

 Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат

Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбатыг Герман улсад суух Элчин сайдаар томилох санал оруулж ирлээ. Стратегийн судалгааны хүрээлэн нь Батлан хамгаалах яамны дэргэд анх байгуулагдсан.  Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин, Ази, Номхон далай, Зүүн хойд Азийн цэрэг улс төрийн байдлын судалгааг эрхэлдэг. Тус хүрээлэн 2006 оноос Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн харьяанд шилжсэнээс хойш бүтэц, зохион байгуулалтын хувьд өргөжиж, уламжлалт аюулгүй байдлын судалгааны зэрэгцээ эдийн засаг, нийгэм, байгаль орчин зэрэг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын үндсэн хэсгийг хамарсан дотоодын аюулгүй байдлын өргөн цар хүрээтэй судалгаа, шинжилгээний ажил хийх үүрэг хүлээх болсон байна. Өнгөрсөн 2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус Эдийн засгийн зөвлөл байгуулж байсан. Энэхүү Эдийн засгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байсан байдаг.

Япон Г.Тэнгэр

Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэрийг Япон Улсад суух Элчин сайдаар томилох санал оруулж ирлээ. Г.Тэнгэр 1981-1991 онд Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1991-1993 онд Техникийн их сургуулийн Компьютер, техник менежментийн сургууль, 1993-1994 онд Токио хотын Гадаад хэлний сургууль, 1994-1998 онд Япон Улсын Ёкохамагийк Үндэсний дээд сургуулийг тус тус дүүргэж, Удирдлагын ухааны бакалавр зэрэг хамгаалжээ.


1998-2000 онд Японы "БСП" компанид мэргэжилтэн, 2000-2001 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2001-2005 онд Японы "Коника Минолта" компанид мэргэжилтэн, 2005-2009 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Гадаад харилцааны албаны дарга, 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан аж.  Мөн 2012 онд мөн дэд сайдаар томилогдож  байсан юм. Англи, орос, япон хэлтэй, гадаад харилцааны чиглэлээр олон жил ажиллаж мэргэшсэн нэгэн гэх нь бий.

 Дэд сайд Ё.Отгонбаяр

Өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй. Харин шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдын албыг хашиж байна. Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилох санал оруулж ирсэн байна. Түүний хувьд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1989 онд төгссөн. Дипломатч мэргэжилтэй. Ажил амьдралынхаа гарааг Гадаад явдлын яаманд атташе, нэгдүгээр нарийн бичгийн даргаас эхэлж улмаар Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад улс төр рүү хөл тавьсан байдаг. Тэрбээр 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байсан.

Olloo.mn П.Гоо


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл