|

“Baby Yak”-ыг Норвеги улс руу экспортолдог боллоо

 

 

“Baby Yak”-ыг Норвеги улс руу экспортолдог боллоо

 

Архангай /МОНЦАМЭ/.Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн брэнд бүтээгдэхүүний нэг болох "Baby Yak” сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнүүдээс эхний ээлжинд хүзүүний ороолт, хүүхдийн өлгий хоёрыг Норвеги улс руу экспортод гаргахаар болжээ.


"Baby Yak” брэндийн бүтээгдэхүүнийг Архангай аймгийн "Ар арвижин дэлгэрэх” хоршооны цехд 2016 оноос хойш үйлдвэрлэж байна. Одоогийн байдлаар малгай, ороолт, бээлий, цамц, өмд, юбка, өлгий, оймс гэх зэрэг 20-иод нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа нь олон хүнд танигджээ. Зах зээлийн үнийн хувьд ч боломжийн бөгөөд "Baby Yak”-ын цамц л гэхэд төрлөөсөө хамааран 100,000-160,000 төгрөг, малгай 45,000-55,000 төгрөг, өмд нь 40,000-90,000 төгрөг, ороолт 30,000-40,000 төгрөгөөр, оймс, бээлий 5000-20,000 төгрөгөөр дотоодын зах зээлд борлуулж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хоршооны гишүүн малчдын бага насны сарлагийн хөөврийг зах зээлийн үнээр худалдан авч, боловсруулалтад оруулан нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж байна.







"Ар арвижин дэлгэрэх” хоршоо нь 2010 оноос хойш Франц Улсын "Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа ба тус байгууллагаас "Baby Yak” бүтээгдэхүүний гадаад зах зээл болон хоршооны байр, цехийн тоног төхөөрөмж зэрэгт дэмжлэг үзүүлсэн байна. Франц, Испани, Япон, Белги зэрэг улс руу "Baby Yak” бүтээгдэхүүний цөөн төрөл болон хөөвөр, ээрмэл утас зэрэг нь экспортод гардаг юм.

 

1 сэтгэгдэл