
Англи азарга 70 сая төгрөгийн үнэтэй. Энэ азарганд гүүгээ хээлтүүлэхэд гурван сая төгрөг төлдөг гэнэ. Ийм хачин үйл ажиллагааг хараад монгол адуу минь ирээдүйд ямар хувь заяатай болох бол гзж сэтгэл зовсондоо малчин олон, мал аж ахуйн мэргэжилтэн та бүхэнд хандаж энэ сэдвийг хөндөж байна.
Монгол адууг харийн янз бүрийн адууны үүлдрээр эрлийзжүүлэх нь ямар зорилготой байна вэ. Монгол адуугаа улам сайжруулах гэж байна уу эсвэл мөнгөжих нэг арга уу. Арваад минутад гурван сая төгрөг олдог азаргатай байж мөнгөжих арга олов уу. Монгол адууны онцлог, түүний ач холбогдлыг тоочоод бичвэл бүхэл бүтэн бүтээл-ном болох биз. Үүнд товчхон нэг зүйлийг дурдахад монгол азарга арваад гүүг хураагаад хээлтсэн үед нь азарга нь л хамгаалж байдаг. Гэтэл дээрх эрлийз азаргаар хээл авахуулсан олон гүүгээ эзэн нь л өдөр шөнөгүй хамгаалахгүй бол өөр монгол азаргатай тааралдвал тэр азаргагүй гүүнүүдийг хураан эрлийз азарганы их үнэтэй хээлтүүлэгч талаар болох л байх даа. Ингээд бодохоор монгол адуу эрлийзжээд жинхэнэ цэвэр монгол адууг олоход бэрх болох юм биш биз. Монгол адууг эрлийзжигдэхийг нарийн журамтай болгож бүр монгол адууны хуультай болохгүй бол болохгүй нь. Монгол адуу маань дэлхийд маш ховор онцлогт тооцогдоно. Эзэн Чингисийн унаж дэлхийн талыг эзэлж явсан монгол адуугаа эрхэмлэн хамгаалах нь зүйтэй. Монгол адуугаа улам чанаржуулан сайжруулахдаа гадаадын үүлдрээр бус монгол адууны нутаг нутгийн омог угсаагаар л сайжруулах нь зүйтэй болов уу.
Орчин үед адуу сонирхдог, ялангуяа морь уралдуулах хоббитой залуус олширчээ. Энэ залуус монгол адуугаа л хамгаалж хайрламаар байна. Миний харсан гардан хээлтүүлгийн хүчирхийлсэн арга ажиллагааг хүүхэд залууст үзүүлэшгүй юм билээ. Монголчууд эрт дээрээс малаа эрхэмлэдэг, малтайгаа зүй бус харьцаж байгаагүй юм шүү.
Монгол малчны мал маллах уламжлалт сайхан арга барилыг малчин залууст эзэмшүүлэх хэрэгтэй юм байна гэж бодогдлоо.
С.Батсүх
/Өмнөговь. Даланзадгад.Өндөр настан/
0 сэтгэгдэл