|

Ц.Энхжин: “Зорилготой бүсгүй”-д өөрийгөө сорино

Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Ц.Энхжинтэй холбогдлоо. Тэрээр ирэх сарын 18-нд финалын тэмцээнд өрсөлдөх юм. Түүнтэй тэмцээнд явахаас нь өмнө амжиж ярилцсан юм.
–Сайн байна уу. "Утасны анд” байна. Өдрийн мэнд хүргэе?
-Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе.
–Тэмцээндээ бэлтгээд зав муутай байна уу?
-Аравнэгдүгээр сарын 18-нд сүүлчийн шатны шалгаруулалт болно. Финалын тэмцээнд бэлдэхээс гадна бусад шалгаруулалтдаа амжилттай оролцох зорилго тавиад, зав муутай, ажил ихтэй байна
–Ямар шалгаруулалтад илүү ач холбогдол өгч байна?
-"Зорилготой бүсгүй” төрөлд амжилт гаргахыг зорьж байна. Учир нь энэ төрөлд түрүүлсэн бүсгүй шилдэг таван миссийн нэгээр шалгарах боломжтой. Мөн "Топ модель” төрөл чухал ач холбогдолтой. Хэрэв энэ хоёр төрөлд амжилт гаргачихвал миссийн титмийн төлөө өрсөлдөх боломж бүрдэнэ.
–Дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрхийн төлөөх тэмцээнд энэ төрөлд түрүүлсэн байх аа?
-Хөрсний бохирдлын тухай сэдвийг хөндсөн. Энэ бол манай улсад тулгамдаад буй асуудлын нэг. Хөрсний бохирдлыг үүсгэдэг гол шалтгаан нь гэр хорооллын айлуудын ариун цэврийн байгууламжийн асуудал юм.
Тиймээс ариун цэврийн байгууламжийг технологийн шинэлэг шийдэл ашиглан байгаль орчинд ээлтэй болгох төсөл санаачилсан. Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцвол хандивлагчдын анхаарлыг энэ асуудалд хандуулж, санхүүжилт татах боломжтой.
-"Мисс авьяас” төрөл бас чухал юм шиг ээ?
-Хэдэн мянган үзэгчтэй дэлхийн хэмжээний тэмцээн учир тааруу төрөл гэж байхгүй. Харин тэдгээрээс аль төрлийг нь чухалчиж, бэлтгэх вэ гэдэг нь чухал. Өнгөрсөн жил А.Баярцэцэгийн  хувьд калиграфийг илбэтэй хослуулснаар олон хүний анхаарлыг татаж "Авьяас” номинацид түрүүлж чадсан. Харин миний хувьд үндэсний бүжгээ онцолсон.
–Бүсгүй хүн гоо үзэсгэлэнтэйгээс гадна мэдлэгтэй байна гэдэг давуу тал шүү?
-Бүсгүй хүн боловсролтой байх тусмаа илүү хүчирхэг болдог. Залуу хүний хувьд мэдлэгтээ анхаарч, салбартаа манлайлагч байж, эх орныхоо хөгжилд жаахан ч гэсэн хувь нэмэр оруулахсан гэж боддог.
–Хэрэв дэлхийн мисс болчихвол яах вэ?
-Тухайн үед үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрөх байх. Эх орноо дэлхийд сурталчилж, дуу хоолойгоо хүргэнэ гэдэг нэр төрийн хэрэг. Хамгийн түрүүнд өөрийн боловсруулсан төсөл болон нийгмийн хариуцлагаа ухамсарлаж сайн үйлсийн аян хийнэ.
Ч.Гантулга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

104 сэтгэгдэл